Лхагва, 7 сар 9, 2025
HomeУлс төрДалай лам шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт мэндчилгээ дэвшүүлжээ

Далай лам шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт мэндчилгээ дэвшүүлжээ

Төвдийн тойм мэдээлснээр, 2025 оны зургаадугаар сарын 13-нд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ. Илгээлтдээ тэрбээр Монголын ард түмэнтэй түүхэн гүн холбоотойгоо дурсан, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг онцлон тэмдэглэсэн байна.

Далай лам хэлэхдээ: “Би 1979 онд танай улсад анх удаа айлчлах боломжтой болсон. Тэр үйл явдал болон түүнээс хойш хийсэн хэд хэдэн айлчлалын тухай халуун дотно дурсамж үлдсэн байна. Хүн төрөлхтний үнэт зүйлийг сурталчлах, шашны боловсролыг орчин үеийн боловсролтой хослуулах хэрэгцээг монголчууд хөгшин залуугүй харуулж байгаа нь надад маш их урам зориг өгч байна.

Түүнчлэн тэрбээр Монгол, Төвдийн уламжлалт түүхэн харилцааг онцолж: “Монгол, Төвдүүд түүхэндээ ихэр ах, эгч дүүс шиг байсаар ирсэн. Далай лам нар III Далай лам Сонам Гяцогийн үеэс танай ард түмэнтэй өвөрмөц, ойр дотно харилцаатай байсан” хэмээн тодотгожээ.

Түүхэн эх сурвалжуудад өгүүлснээр, Монголын эзэн хаан III Далай лам Сонам Гяцод “Далай лам” цол олгосон нь хоёр орны шашин, соёлын гүн гүнзгий холбооны эхлэл байсныг тэрбээр сануулсан байна. Мөн Буддын шашны үндсэн үнэт зүйлс болох энэрэнгүй байдал, хүчирхийлэлгүй хандлага нь хувь хүнд болон нийгэмд ач тустай гэдгийг тэмдэглэж, шинэ Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газар эдгээр зарчмыг улам бэхжүүлнэ хэмээн итгэж буйгаа илэрхийлжээ.

Далай лам хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сард Монголд айлчилж байсан бөгөөд энэхүү айлчлалын дараа БНХАУ-ын зүгээс Монгол Улсад эдийн засаг, дипломат дарамт шахалт үзүүлж байсныг Төвдийн тойм дурдсан байна. Тухайлбал, хилийн боомтыг хаах, транзит тээврийн зардлыг нэмэгдүүлэх, зээлийн хэлэлцээрийг хойшлуулах зэрэг арга хэмжээг авч байжээ.

Илгээлтийн төгсгөлд Далай лам Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан, “Эдгээр хүнд хэцүү цаг үед Монголын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд нь амжилт хүсч байна” гэжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд