АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, саатуулах болон нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Сан-Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас аяллын өмнө бичиг баримтын бүрдэл, цагаачлалын статусаа сайтар нягтлахыг анхаарууллаа.
Хилийн шалгалт ба “Secondary Inspection”-ий нөхцөл байдал
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны журмын дагуу хүчинтэй виз нь тухайн иргэнд зөвхөн хилийн боомт хүртэл зорчих эрх олгодог бөгөөд улсын хилээр нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг Хил, цэхийн хамгаалалтын албаны (CBP) байцаагч тухайн газар дээр нь гаргадаг байна. Иймээс хүчинтэй паспорт, визтэй байсан ч зорчигчийг баримт бичиг, цагаачлалын асуудлыг тодруулах эсвэл санамсаргүй сонголтын дагуу нэмэлт буюу “secondary inspection” шалгалтад шилжүүлэх тохиолдол гарч байна.
Шалгалтын явцад CBP-ийн ажилтнууд зорчигчийн гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжийг шалгах бүрэн эрхтэй байдаг бөгөөд нэвтрэх зөвшөөрөл олгохдоо тухайн иргэний аяллын зорилго, нөхцөл байдлыг иж бүрнээр нь харгалзан үздэг. Мөн сүүлийн үед АНУ-ын дотоодын нисэх буудлуудад ч цагаачлалын хяналт чангарч, зарим гадаадын иргэдийг саатуулах явдал гарч байгаа тул АНУ дотор зорчиж буй иргэдэд мөн сонор сэрэмжтэй байхыг санууллаа.
Аяллын өмнө анхаарах баримт бичгийн шаардлагууд
Иргэд АНУ руу зорчихоос өмнө паспорт болон визийн хүчинтэй хугацаа, ангилал нь зорчих зорилготой нь бүрэн нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Өмнө нь АНУ-д оршин сууж байсан иргэдийн хувьд I-94 бүртгэлийн зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлээгүй байх ёстой бөгөөд суралцагч, солилцооны хөтөлбөрийн оролцогчид I-20 болон DS-2019 баримт бичгийнхээ хүчинтэй байдлыг эргэн харах хэрэгтэй юм.
Үүнээс гадна байрлах газар, буцах нислэг, урилга, сургууль болон ажлын холбогдолтой мэдээллийг хилээр нэвтрэх үед тодорхой, үнэн зөв мэдээлэх нь чухал юм. ЕКГ-аас мэдээлснээр өмнө нь визийн нөхцөл зөрчсөн, статусын хугацаа ахиулан оршин суусан, эсвэл эрүүгийн болон цагаачлалын асуудалд холбогдож байсан иргэд аялалд гарахаасаа өмнө мэргэжлийн зөвлөгөө авч, хууль эрх зүйн байдлаа эцэслэн тодорхойлохыг зөвлөж байна.
