АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүний байгуулсан “Энх тайвны зөвлөл”-д нэгдэхийг зөвшөөрсөн тухай мэдээлж, яагаад түүнийг урих болсон шалтгаанаа тайлбарлалаа.
“Учир нь бид бүгдийг нь оролцуулахыг хүсэж байна. Бид бүх улс орныг, тэр дундаа хүмүүс нь нөхцөл байдлыг хянаж, эрх мэдэлтэй байгаа тэр улсуудыг хармаар байна. Ингэж байж л бидэнд хэзээ ч асуудал үүсэхгүй. Энэ бол урьд өмнө байгуулагдаж байсан хамгийн шилдэг зөвлөл юм” гэж Трамп хэлэв.
Үүний зэрэгцээ Америкийн удирдагч энэхүү шийдвэр нь маргаан дагуулж болохыг хүлээн зөвшөөрсөн байна. “Тийм ээ, миний зөвлөлд зарим маргаантай хүмүүс байгаа ч тэд бол ажлаа хийж чаддаг хүмүүс. Тиймээс түүнийг урьсан, тэр ч хэлэлцээг хүлээн зөвшөөрсөн” гэж тэрээр нэмж хэлжээ.
Гэвч CNN агентлагийн тэмдэглэснээр, Путин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр уг зөвлөлд элсэх бодолтой байгаагаа шууд батлаагүй байна. Тэрээр зөвхөн Оросын Гадаад хэргийн яам “баримт бичгүүдийг судалж”, “стратегийн түншүүдтэйгээ зөвлөлдөнө” гэж мэдэгджээ.
Мөн Владимир Путин “Энх тайвны зөвлөл”-д байнгын суудалтай болохын тулд төлөх ёстой нэг тэрбум долларын хураамжийг Оросын царцаагдсан хөрөнгөөр төлөх санал гаргасан байна.
Эх сурвалж: CNN
