Казакстан улсын Соёл, мэдээллийн яам 16-аас доош насны хүүхдүүдийн олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах хуулийн төсөл боловсруулжээ. Энэ тухай Mongolnews24.com тус улсын засгийн газрын Telegram сувгаас иш татан мэдээллээ.
Уг шийдвэр нь онлайн платформ болон масс медиагийн үйл ажиллагааг зохицуулах бөгөөд хүүхдүүдийг сошиал сүлжээнд бүртгүүлэхийг хориглох заалтыг тусгасан байна. Хуулийн төслүүд аль хэдийн шинжээчдийн үнэлгээг давж, олон нийтийн хэлэлцүүлэгт шилжжээ.
Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дараах ажлуудыг төлөвлөж байна:
- Боловсролын яам болон Хиймэл оюун ухаан, дижитал хөгжлийн яам хамтран хэрэглэгчдийн насыг шалгах механизм боловсруулна.
- Хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг тогтооно.
Казакстаны Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд Аида Балаева хүн амын медиа боловсролыг дээшлүүлэх болон хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дэмжихэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
