Монголын спортын корпорацаас уламжлал болгон тав дахь жилдээ зохион байгуулагддаг “Монголын спортын наадам” өчигдөр мөсөнд авиралтын тэмцээнээр албан ёсоор эхэллээ. Энэ жилийн наадамд нийт 1800 гаруй тамирчин ур чадвараа сорьж байгаа бөгөөд тэд спортын 11 өөр төрөлд 120 багц медалийн төлөө хүч үзэх юм. Наадмын гол үйл ажиллагаанууд “Уран ган” спорт цогцолбор болон Монгол бөхийн өргөөнд төвлөрөн явагдаж байна.
Энэ удаагийн наадмын нэгэн онцлох үйл явдал нь Европын холбооны “Global gateway” төсөлтэй хамтран “Gateway to the future” буюу “Олимпын гараа” шагналыг ирээдүйтэй шилдэг залуу тамирчинд гардуулах явдал юм. Энэхүү шагнал нь тамирчдын амжилтыг үнэлэхээс гадна тэднийг олон улсын түвшинд гаргах чухал хөшүүрэг болохыг зохион байгуулагчид онцолж байна. Өнөөдөр спорт авиралт болон таеквондогийн тэмцээнүүд эхэлж байгаа бөгөөд үзэгчид спортын гайхамшгийг мэдрэхээр цуглаад байна.
Наадмын хүрээнд зохион байгуулагдах тэмцээнүүдийн нэгдсэн хуваарийг танилцуулбал:
- 1-р сарын 19: Спорт авиралт
- 1-р сарын 19-20: Таеквондо
- 1-р сарын 21: Рөүинг болон Тэргэнцэртэй сэлэм
- 1-р сарын 21-22: Хүндийг өргөлт
- 1-р сарын 22: Кэндо
- 1-р сарын 23: Бүжгийн спорт болон Жюү жицү
- 1-р сарын 24-25: Байт харваа болон Виртуал дугуй
Мөсөнд авиралтын төрөлд тамирчид тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, үзэгчдийг баясгасан олон гайхалтай агшнуудыг бүтээлээ. Спортын олон төрлийг нэг дор нэгтгэсэн энэхүү наадам нь манай улсын нийтийн биеийн тамир, спортын хөгжилд томоохон түлхэц болж байна. Сонирхсон иргэд тэмцээн болж буй газруудад очиж, өөрийн дэмждэг тамирчин, баг хамт олноо урамшуулан дэмжих боломжтой юм.
