2026 он гарсаар олон нийтийн сүлжээнд “сугалаа”, “хүрд эргүүлээд мөнгө хожоорой” гэсэн агуулгатай хуурамч сурталчилгаа маш идэвхтэй тархаж байна. Луйварчид иргэдийн хожих хүсэл дээр дөрөөлөн, банкны мэдээллийг нь хулгайлах замаар дансан дахь мөнгөн хөрөнгийг нь хоослох эрсдэл үүсгэсээр байна.
Луйвар хэрхэн явагддаг вэ?
Хуурамч линк дээр дарснаар таныг интернэт банктай ижил харагдах хуудас руу чиглүүлнэ. Тэнд таны нэвтрэх нэр, нууц үг, тэр ч байтугай нэг удаагийн баталгаажуулах кодыг (OTP) асуудаг. Хэрэв та эдгээр мэдээллийг оруулбал луйварчид таны данс руу шууд нэвтрэх бүрэн боломжтой болно.
Санамж: Санхүүгийн ямар ч байгууллага, банк хэзээ ч танаас нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг (OTP) утсаар болон линкээр асуудаггүй гэдгийг үргэлж санаарай.
Өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг хамгаалах зөвлөмж
Цахим орчинд аюулгүй байдлаа хангахын тулд дараах долоон дүрмийг өдөр тутамдаа хэвшил болгохыг зөвлөж байна.
- Мэдээллийн зорилгыг асуух: Аливаа байгууллага, хувь хүнд мэдээллээ өгөхөөс өмнө “Миний мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?” гэж тодруулж сурах хэрэгтэй.
- Нууц үгийн шинэчлэл: Цахим банк, и-мэйл, сошиал хаягуудынхаа нууц үгийг улирал тутам тогтмол шинэчилж байх нь эрсдэлийг эрс бууруулдаг.
- Нууцлалыг чандлах: Нэвтрэх нэр, нууц үгээ хэнд ч, ямар ч шалтгаанаар (банкны ажилтан гэж хэлсэн ч) бүү дамжуул.
- Сэжигтэй линкээс татгалзах: Мессэж, и-мэйл, чатаар ирсэн үл мэдэгдэх линк дээр дарахаасаа өмнө эх сурвалжийг нь заавал нягталж байгаарай.
- Хувийн мэдээллийг хязгаарлах: Олон нийтийн сүлжээнд өөрийн байршил, гэр бүлийн байдал, эд хөрөнгийн талаарх мэдээллийг нээлттэй тавихаас зайлсхийх.
- Давхар хамгаалалт (2FA): Бүх цахим хаяг дээрээ “Two Factor Authentication” буюу давхар танин баталгаажуулалтыг идэвхжүүлж, нууцлалаа нэмэгдүүл.
- Төхөөрөмжийн аюулгүй байдал: Өөрийн гар утас, компьютертоо заавал нууц код, хурууны хээ эсвэл нүүр таних (Face ID) тохиргоог хийж хэвших.

Ийм залилан ихэссэн нь үнэхээр санаа зовоож байна
Ахмад хүмүүс илүү их хохирох вий гэж айж байна