2026 оны Global Peace Index буюу Дэлхийн энх тайвны индексийн үнэлгээгээр дэлхийн аюулгүй байдлын нөхцөл байдал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн сул түвшинд хүрсэн байна. Энэхүү мэдээллийг GPI-тэй холбоотой Vision of Humanity төслийн цахим хуудсанд нийтэлжээ.
Судалгаанд дурдсанаар дэлхий даяар үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний тоо урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч, тэдгээрийг шийдвэрлэх нь улам төвөгтэй болж байна.
2008 онд 59 улс ямар нэгэн хэлбэрээр мөргөлдөөнд оролцож байсан бол 2026 онд энэ тоо 103 болж өсжээ. Өөрөөр хэлбэл, мөргөлдөөнд татагдан орсон улс орнуудын тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Дрон ашигласан халдлага эрс өссөн
Орчин үеийн мөргөлдөөнд нисгэгчгүй төхөөрөмжийн хэрэглээ огцом нэмэгджээ. 2018–2025 оны хооронд дроноор үйлдсэн халдлагын тоо 11 500 гаруй хувиар өссөн байна.
Мөн дэлхийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн хүний тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ. 2025 онд мөргөлдөөний улмаас 181 мянга гаруй хүн нас барсан нь 2008 оны үзүүлэлтээс зургаа дахин өндөр дүн юм.
2026 оны үнэлгээгээр Орос улс энх тайванч байдлын жагсаалтын хамгийн сүүлийн байрт орсон байна. Хамгийн аюулгүй бус таван улсад:
- Орос
- Судан
- Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
- Украин
- Израил
Харин хамгийн аюулгүй, тайван орнуудаар дараах улсууд нэрлэгджээ.
- Исланд
- Шинэ Зеланд
- Швейцар
- Словени
- Ирланд
Дэлхийн энх тайвны индексийг Эдийн засаг, энх тайвны хүрээлэн буюу Institute for Economics and Peace боловсруулдаг. Анх 2007 оны тавдугаар сард тооцоолж эхэлсэн энэ индекс нь улс орнуудын энх тайванч байдлыг хэмждэг олон улсын гол үзүүлэлтүүдийн нэг юм.
Индексийн үндсэн зорилго нь хүчирхийлэл болон хүчирхийллээс айх айдсын түвшинг үнэлэх, энх тайвны чиг хандлагыг судлах, энх тайвны эдийн засгийн үнэ цэнийг тодорхойлох, илүү тайван нийгэм байгуулах боломжийг шинжлэхэд оршино.
GPI нь нийт 23 тоон болон чанарын үзүүлэлтэд тулгуурлан улс орнуудын нөхцөл байдлыг үнэлдэг. Эдгээр үзүүлэлтийг дараах гурван үндсэн чиглэлд нэгтгэдэг.
- Нийгмийн аюулгүй байдал, хамгаалалтын түвшин
- Дотоод болон гадаад мөргөлдөөний цар хүрээ
- Улс орнуудын цэрэгжилтийн түвшин
Эдгээр шалгуурын нийлбэр дүнгээр тухайн улс энх тайван, аюулгүй байдлын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлдог.
