Amazon MGM Studios болон “IO Interactive” студи Жеймс Бондын хэрхэн тагнуулч болж буй шинэ түүхийг өгүүлэх “007 First Flight” тоглоомыг албан ёсоор худалдаанд гаргалаа.
Тоглоомын үйл явдал MI6 (Их Британийн нууц тагнуулын алба) агентлагт бэлтгэгдэж, улмаар тусгай албаны жинхэнэ төлөөлөгч болж буй 26 настай Бондын эргэн тойронд өрнөх юм. “007 First Flight” нь сүүлийн 15 жилийн хугацаанд гарч буй Жеймс Бондын тухай анхны видео тоглоом болж байна.
Тоглоомын албан ёсны танилцуулгад дурдсанаар, видео тоглоомын түүхэнд анх удаа тоглогчдод Бондын “шинэхэн цэргээс эхлээд мэргэжлийн тагнуулч болох” хүртэлх замыг харуулах гэнэ.
“Видео тоглоомын түүхэнд анх удаа шүтэн бишрэгчид Бондын MI6 дахь замыг буюу шинэ цэргээс жинхэнэ агент болох хүртэлх түүхийг үзэх боломжтой. Түүний хурц совин, овсгоо самбаа, баатарлаг чанар нь түүнийг карьерын шатаар өгсөж, аюултай нууц ажиллагааны ертөнцөд хөл тавихад тусална” гэж уг танилцуулгад өгүүлжээ.
“007 First Flight” тоглоомд зориулж Лана Дель Рей болон Дэвид Арнольд нар хамтран оригинал сингл дуу бичүүлсэн байна. Арнольд нь өмнө нь Жеймс Бондын тухай таван ч киноны хөгжмийг бүтээж байсан туршлагатай юм. Тоглоомын дүрүүдийн дуу оруулгад Джемма Чан, Ленни Кравиц, Патрик Гибсон, Приянга Берфорд болон Алистер Маккензи нарын алдартнууд багтжээ.
“IO Interactive” студийн ерөнхий захирал Хакан Абрак тэд энэхүү франчайзын агуу өв уламжлалыг хүндэтгэхийн зэрэгцээ дүр төрхийг шинэ өнцгөөс харуулахыг хичээсэн гэдгээ мэдэгдэв.
““007 First Flight” тоглоомоор бид 007-гийн гайхалтай өв уламжлалыг хүндэтгэхийн зэрэгцээ урьд өмнө хэзээ ч байгаагүй Бондын ертөнцийн гайхалтай мэдрэмжийг бэлэглэхийг зорьсон” гэж Абрак хэлжээ.
Түүний хэлснээр, тоглоомд Бонд хараахан туршлага сууж амжаагүй агент байдлаар гардаг аж.
“Эни бол өөрийн байр сууриа дөнгөж хайж буй Бонд юм. Тоглогчид түүний зөн совин, оюун ухаан, тууштай зангаар хэлбэржсэн, эцэст нь түүнийг хэрхэн домогт дүр болгосныг харуулах тэрхүү замыг хамтдаа туулах болно” гэж тэрээр нэмж дурдлаа.
Уг тоглоом одоо PlayStation 5, Xbox Series X болон S, мөн PC дээр Steam болон Epic Games Store-оор дамжин тоглох боломжтой болоод байна. Харин Nintendo Switch 2 консол дээрх хувилбарыг 2026 оны зун гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
(Эх сурвалж: Variety)
