Супермаркетаас хялбархан олдож болох энгийн жимснүүд таныг хурдан унтаж, шөнийн амралтын чанарыг сайжруулахад тусалдаг байна. Судалгаагаар унтах хугацааг 35%-иар богиносгодог киви болон интоор жимсний ач тусын талаар Express хэвлэл мэдээлжээ.
Нойрны мэргэжилтэн Йоши Курихара хүмүүс хооллолт нойрны чанарт хэрхэн нөлөөлдгийг дутуу үнэлдэг хэмээн тайлбарлав. Түүний хэлснээр, зарим жимсэнд унтах, сэрэх циклийн зохицуулалтыг дэмжиж, серотонин болон мелатонин дааврын ялгарлыг идэвхжүүлснээр гүн нойрсоход тусалдаг байгалийн нэгдлүүд агуулагддаг байна.
Киви жимс нойрны чанарыг хэрхэн сайжруулдаг вэ?
Мэргэжилтнүүд ялангуяа киви жимсийг онцгойлон анхаарч байна. Тайпейн Анагаах ухааны их сургуулиас хийсэн бөгөөд Asia Pacific Journal of Clinical Nutrition сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, дөрвөн долоо хоногийн турш унтахаас нэг цагийн өмнө хоёр ширхэг киви идсэн хүмүүс 35%-иар хурдан унтдаг болсон нь тогтоогджээ. Үүнээс гадна тэдний нийт унтах хугацаа ойролцоогоор 13%-иар нэмэгдсэн байна.
Йоши Курихарагийн тэмдэглэснээр, киви жимсэнд нойр, сэтгэл санааны байдал, хоол боловсруулалтыг зохицуулахад оролцдог нейромедиатор болох серотонин агуулагддаг аж. Мөн уг жимс нь С, Е витамин зэрэг антиоксидант болон фолатаар баялаг тул организмын мелатонин дааврын байгалийн ялгарлыг дэмжиж, оксидатив стресс (oxidative stress буюу эсийн исэлдэлтийн стресс)-ийг бууруулдаг байна.
Мэргэжилтний хэлснээр, серотонин эсвэл мелатонины дутагдал нь хүний биологийн дотоод цагийг алдагдуулж, улмаар унтаж чадахгүй байх эсвэл шөнө ойр ойрхон сэрэх шалтгаан болдог аж. Тиймээс кивиг элдэв нэмэлт бүтээгдэхүүн, тусгай эм бэлдмэл хэрэглэхгүйгээр эрүүл нойрны дэглэмийг дэмжих байгалийн шилдэг аргуудын нэг гэж үздэг.
Интоор ба мелатонин дааврын нөлөө
Шөнийн амралтад эерэгээр нөлөөлдөг өөр нэг бүтээгдэхүүн бол интоор, тэр дундаа Монморенси (Montmorency) зэрэг исгэлэн сортууд юм. Эдгээр нь бие махбодод унтахад бэлтгэх дохио өгдөг мелатонин дааврыг агуулдаг байна.
Луизиана мужийн их сургуулийн 2023 оны судалгаагаар, исгэлэн интоорын шүүс уух нь нойргүйдэлтэй хүмүүсийн нийт унтах хугацааг нэг цаг гаруйгаар уртасгахад тусалсныг харуулжээ. Мөн интооронд триптофан болон антоциан агуулагддаг бөгвоед энэ нь хурдан унтаж, шөнийн турш тасралтгүй бөх нойрсоход нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд тэмдэглэв.
Мэргэжилтний зөвлөгөө болон унтахын өмнөх зуршлууд
Йоши Курихара унтахаас нэг цагийн өмнө 1–2 ширхэг киви эсвэл багахан хэмжээний интоор идэхийг зөвлөж байна. Үр дүнийг нь илүү сайжруулахын тулд грек йогурт зэрэг хөнгөн уургийн эх үүсвэртэй хослуулж болох бөгөөд энэ нь организмд триптофаныг шингээхэд тусалдаг байна.
Гэхдээ хэдий ашигтай бүтээгдэхүүн хэргеллээ ч унтахын өмнөх буруу зуршлуудыг нөхөж чадахгүй гэдгийг мэргэжилтэн санууллаа. Тэрээр дараах зөвлөмжүүдийг өгч байна:
- Өдрийн хоёрдугаар хагасаас хойш кофеин хэрэглэхгүй байх;
- Орой үдэш эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх;
- Унтахын өмнө дэлгэц харах хугацаагаа хязгаарлах.
Мөн тэрээр Аделаидын их сургуулийн 2024 оны судалгааг эш татсан бөгөөд унтахаас хоёр цаг хүрэхгүй хугацааны өмнө эрчимтэй дасгал хийх нь өдрийн эхний хагаст бэлтгэл хийсэнтэй харьцуулахад гүн нойрны фазыг бараг 20%-иар бууруулдаг болохыг анхааруулжээ.
Чанартай нойрсолт нь ихэвчлэн ганцхан аргаас биш, харин зөв хооллолт, тогтвортой дэглэм болон оройн тайван уур амьсгалын нэгдлээс хамаардаг гэдгийг мэргэжилтэн онцолж байна. Тэрээр унтахын өмнө гэрлээ бүдгэрүүлж, гаджет (gadget буюу ухаалаг төхөөрөмж)-уудаа хойш тавьж, бие махбоддоо амрах тодорхой дохио өгөхийг зөвлөжээ.
