Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр буюу 2026.06.10-ны өдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг албан ёсоор өргөн барилаа. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара нар хамтран боловсруулж, ийнхүү хүлээлгэн өгсөн байна.
Өдгөө улс төрийн албан хаагчид хэвлэл мэдээлэл төдийгүй цахим хуудас, нийгмийн сүлжээгээр дамжуулан төрийн бодлогын асуудлаар албаны болон хувийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх явдал газар авсан. Үүнээс гадна улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаарх эерэг, сөрөг мэдээллийг төлбөртэйгээр идэвхжүүлэн түгээх, зарим тохиолдолд төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсыг үүндээ ашиглах тохиолдол нэлээдгүй гараад байгаа аж.
Энэхүү сөрөг хандлага нь төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож олон нийтэд тайлагнахаас илүүтэй хувь хүний сурталчилгааг хийх, улс төрийн зорилгоор хуурамч мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг онцлов. Үүний улмаас иргэдийн бодит мэдээлэл авах эрх зөрчигдөж, улс төрийн талбарт шударга бус өрсөлдөөн нэмэгдэж байгаа тул хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл болжээ.
Тус хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж, хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд ажиллахаас бусад үед сошиал контентоо төлбөртэй идэвхжүүлэхийг хориглохоор заасан байна. Мөн гэмт хэрэг, зөрчил, гамшгаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээнд оруулсан мэдээллийг мөнгө төлж түгээхгүй байх, төрийн байгууллагын цахим хуудсыг энэ зорилгоор ашиглахыг бүрэн хязгаарлахаар тусгажээ.
Уг хуулийн төсөлд хууль хэрэгжих явцад үүсэж болох үл ойлголцлоос сэргийлж, цахим орчны зарим нэр томьёог хуульчлан тайлбарласан байна. Ингэснээр эрх зүйн зохицуулалт илүү тодорхой болж, нэг мөр мөрдөгдөх нөхцөл бүрдэх юм. Үүнд дараах тайлбаруудыг багтаажээ:
- “Контент” гэж олон нийтийн сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, text, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг хэлнэ.
- “Нигмийн сүлжээний хэрэгсэл” гэж цахим орчинд хэрэглэгч контент үүсгэх, түүнийг бусад хэрэглэгч, нийтэд түгээх, ил болгох болон устгах боломжтой, бусадтай харилцах, мэдээлэл харилцан солилцох зориулалт бүхий хэрэглэгчийн үүсгэсэн контентод суурилсан сүлжээг ойлгоно.
- “Түгээх” гэж хэрэглэгч контент, мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээний тодорхойгүй хүрээний хэрэглэгчид болон нийтэд нээлттэй хүргэхийг тус тус тодорхойлжээ.
Хэрэв хуулийн төсөл батлагдвал төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, олон нийтэд ажлаа тайлагнах үйл ажиллагааг улс төрийн явцуу зорилгоор ашиглахгүй байхад томоохон түлхэц болно гэж төсөл санаачлагчид үзэж байна. Түүнчлэн улс төрийн зорилгоор хуурамч мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх, иргэдийн шийдвэр гаргалтад зохисгүйгээр нөлөөлөх явдал хумигдаж, улс төрийн шударга бус өрсөлдөөнийг хязгаарлана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
