Ардчилсан намаас тогтмол зохион байгуулдаг “4:11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд оролцож, инфляцын дарамт болон өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд зах зээл дэх хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдийн халаасанд хүнд тусаж байгааг бодит тоо баримтаар нотлон харуулсан юм. Тухайлбах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох төмсний үнэ даруй 223 хувиар өссөн нь өрхийн эдийн засагт томоохон цохилт болсныг тэмдэглэв.
Амьжиргааны уналтыг гэрчлэх махны худалдан авалт
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт дундаас махны үнэ иргэдийн худалдан авах чадварт хамгийн хүчтэй нөлөөлж байгааг УИХ-ын гишүүн онцолсон байна. Тэрбээр иргэдийн гар дээрх мөнгөний үнэ цэнэ хэрхэн унасныг тайлбарлахдаа “2021 онд 26 мянган төгрөгөөр хоёр килограмм мах авах боломжтой байсан бол өнөөдөр ижил мөнгөөр нэг килограмм ч хүрэхгүй буюу 980 грамм мах авч байна” хэмээн мэдэгдлээ. Энэхүү эдийн засгийн тогтворгүй байдал нь монголчуудын дунд бухимдал болон нийгмийн талцлыг гүнзгийрүүлэх гол хөдөлгүүр болж байна гэж тэрбээр үзэж байна.
Орон нутгийн иргэдийн бухимдал ба шаардлага
С.Эрдэнэболд гишүүн өнгөрсөн сар гаруйн хугацаанд Сэлэнгэ болон Төв аймгийн нутгаар ажиллаж, хөдөө орон нутгийн 300 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, тэдний санал гомдлыг сонссон байна. Уулзалтын үеэр хөндөгдсөн нийгмийн гол асуудлуудыг дүгнэж, иргэдийн ундуйцаж буй үндсэн шалтгаануудыг дараах байдлаар ангилжээ:
- Төр засаг олон нийтийг бухимдуулж буй хулгай, авлигын асуудалтай хангалттай түвшинд тэмцэж чадахгүй байна.
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан ард иргэдийн өдөр тутмын амьжиргаа эрс доройтож, эдийн засгийн асар их дарамтад орсон.
Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд эрх баригч хүчний хэрэгжүүлж буй эдийн засгийн өнөөгийн бодлогыг эрс шүүмжилсэн юм. Ард иргэд өөрсдийн амьдралд тулгараад буй энэхүү хүндрэлийг сонгуулийн санал хураалтаар дамжуулан бодлогын түвшинд өөрчлөх, хариуцлага тооцох бүрэн боломжтой гэдгийг тэрбээр санууллаа.
