НүүрОлон улсын мэдээУнтаж байхдаа ч нүдээ аниж чаддаггүй: Хятадад бүтэлгүй пластик хагалгааны хохирогчийг зөвшөөрөлгүй...

Унтаж байхдаа ч нүдээ аниж чаддаггүй: Хятадад бүтэлгүй пластик хагалгааны хохирогчийг зөвшөөрөлгүй эмчид торгууль төлөхийг даалгажээ

Хятадад гоо сайхны хагалгааны улмаас унтаж байхдаа ч нүдээ бүрэн аниж чаддаггүй болсон нэгэн эмэгтэй дахин хүнд цохилтод оржээ. Түүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон ч шүүхээс түүнийг хагалгаа хийсэн эмчид их хэмжээний мөнгөн торгууль төлөх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Oddity Central хэвлэл мэдээлэв.

Ван овогтой эмэгтэйн энэхүү түүх зургаан жил гаруй үргэлжилж байгаа бөгөөд Хятад улсад нэлээд шуугиан тариад байна. Тэрээр 2020 оны 6 дугаар сард Жянсу мужийн Сүжоу хотын “Meixi” гоо сайхны эмнэлэгт азиудын дунд түгээмэл байдаг давхраа гаргах хагалгаа хийлгэжээ.

Уг процедурын төлөө Ван 12,000 юань (оролцоохоор 1,800 ам.доллар) төлсөн байна. Хагалгааг тус эмнэлгийн маркетингийн захирал гэж өөрийгөө танилцуулсан Мэн гэх мэс засалч хийжээ. Хагалгааны дараа Ван шууд гэртээ харьсан ч шөнө нь хүчтэй өвдөлт мэдэрч эхэлсэн байна. Эмч рүү залгахад энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд хэд хоногийн дараа зүгээр болно гэж тайвшруулжээ.

Гэвч байдал улам дордож, зовхи нь гадагшаа эргэж, нүднээс нь тасралтгүй шингэн гоожих болсон байна. Эмч түүний дуудлагад хариулахаа нь больсон тул тэрээр өөр том эмнэлэгт ханджээ.

Том эмнэлгийн эмч нар миний нулимсны сувгийг гэмтээж, зовхины хагалгааг буруу хийснийг тогтоосон. Тэд намайг алдаагаа засахын тулд дахин хагалгаанд орохыг зөвлөсөн” гэж Ван ярьжээ.

Ван дараагийн засах хагалгаанд орсон ч үр дагаврыг бүрэн арилгаж чадаагүй бөгөөд унтаж байхдаа ч нүдээ бүрэн аниж чадахгүй хэвээр үлдсэн байна. 2022 онд тусгай шинжээчдийн дүгнэлтээр түүний гэмтлийг хөгжлийн бэрхшээлийн 9-р зэрэгт (тус улсын ангиллаар 10-р зэрэг нь хамгийн хүнд нь байдаг) тооцжээ. Үүний улмаас тэрээр гүн депресс, нойргүйдэлд өртөж, ажилдаа явахаас ч ичдэг болсон байна.

Нууцлалын гэрээ ба Шүүхийн шийдвэр

Шүүхийн шалгалтын явцад Мэн нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй (лицензгүй), харин эмнэлэг нь шаардлагатай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Эрүүгийн хариуцлагаас мултрахын тулд Мэн хохирогчтой эвлэрэх гэрээ байгуулахыг санал болгосон байна.

Уг гэрээгээр Мэн хохирогчид 850,000 юань (ойролцоогоор 125,650 ам.доллар) нөхөн олговор төлөхөөр болсон бол Ван цачим орчин дахь бүх гомдлоо устгаж, хэвлэл мэдээлэлд хандахгүй, дахин нэхэмжлэл гаргахгүй байх үүрэг хүлээжээ. Хэрэв Ван энэ нөхцөлийг зөрчвөл Мэнд 400,000 юанийн (59,000 ам.доллар) торгууль төлөх заалт гэрээнд тусгагдсан байв.

Гэвч удалгүй Мэн өөрөө цахим орчинд Ванг доромжилж, түүний ахыг залилан мэхлэгч гэж буруутгасан бичлэгүүд оруулж эхэлжээ. Үүний хариуд Вангийн бэр эгч Мэний хууль бус үйлдлийг батлах баримтуудыг дэлгэж, Ван өөрөө ч өөрт тохиолдсон явдлын талаар видео бичлэг хийн цацсан байна.

Мэс засалч үүнийг нь ашиглан шүүхэд гомдол гаргаж, шүүх Ванг эвлэрлийн гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж үзжээ. Энэ оны эхээр шүүх эмчийн талд шийдвэр гаргаж, Ванг 400,000 юанийн торгууль төлөхийг даалгасан байна. Дээд шатны прокурорт гаргасан түүний гомдлыг саяхан буюу 5 дугаар сарын 23-ны өдөр эцэслэн татгалзжээ. Одоо тэрээр өөрийнх нь эрүүл мэндийг хохироосон хууль бус эмчид торгууль төлөхөөс өөр аргагүй болоод байна.

Өөрийн эрх ашгийг хамгаалах маш хэцүү юм байна. Миний түүх бусад эмэгтэйчүүдэд сургамж болог. Пластик хагалгаа хийлгэхийн өмнө маш сайн бодоорой, эсвэл насан туршдаа харамсах болно” хэмээн Ван цахим хуудсаараа дамжуулан анхааруулжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд