Казахстан Улсад зохион байгуулагдаж буй “Silk Way Star” олон улсын дууны уралдааны төгсгөлийн шат энэ сарын 22-нд болохоор товлогдоод байна. Финалын тайзанд манай улсаас дуучин И.Мишээл шалгарч үлдсэн бөгөөд тэрбээр Монголын нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа юм.
Энэхүү шатанд шүүгчид болон үзэгчдийн үнэлгээ ижил жинтэйгээр тусгах зохион байгуулалттай. Өөрөөр хэлбэл, дуучдын мэргэжлийн гүйцэтгэлийг шүүгчид дүгнэж, эцсийн онооны 50 хувийг бүрдүүлэх бол үлдсэн 50 хувийг үзэгчдийн санал шийдэхээр байна.
Сонголтын дүн гаргахдаа саналыг уралдаан зохион байгуулж буй орны системээр авах тул Монголын дотоодоос шууд саналаа өгөх боломж хязгаарлагддаг. Харин гар утсан дээрээ олон улсад өргөн хэрэглэдэг “VPN” үйлчилгээ ашигласнаар саналаа илгээх боломжтой гэж зохион байгуулагчдын мэдээлэлд дурджээ. Мэдээж тухайн үйлчилгээ нь хууль, дүрэм журмын хүрээнд ашиглагдах ёстойг анхааруулах нь зүйтэй.
Мөн гадаад оронд амьдарч, ажиллаж байгаа монголчууд гар утсаараа энэхүү санал асуулгад саадгүй оролцож болно. И.Мишээл финалын шатанд өөрийн бүтээсэн шинэ уран бүтээл болох “Монгол” хэмээх дуугаа толилуулахаар бэлтгэлээ хангаж буй бөгөөд үзэгчдийн дэмжлэг, санал түүний амжилтад чухал нөлөө үзүүлэх юм.
