Netflix-ийн “Physical: Asia” реалити шоуны шинэ дугаарт Азийн шилдэг 4 баг шалгарч, хүч чадал, тэсвэр хатуужлын тулаан ид өрнөж байна. Шилдэг багуудын тоонд Монгол, БНСУ, Япон, Австрали багууд багтжээ. Тэдний дундаас Монголын баг онцгой ялгарсан нь жүдо бөхийн тамирчин Амарсайханы Адъяасүрэн байлаа.
Турк аваргуудыг сэтгэлийн тэнхээгээр ялсан мөч
“Багана тогтоох” даалгаварт Монголын баг Туркийн шигшээтэй өрсөлдөв. Туркууд дэлхийн түвшний тамирчдаа — тосон бөхийн аварга Режеп Кара, чөлөөт бөхийн дэлхийн аварга Ясемин Адар нарыг гаргасан бол манайхан жүдо бөхийн А.Адъяасүрэн, холимог тулаанч Б.Энх-Оргил нарыг илгээжээ.
Биеийн жин, нэр хүндийн хувьд Туркийн баг илүүрхэж байгаа мэт харагдсан ч 10 минут өнгөрөхөд турк аваргуудын гар чичирч, харин А.Адъяасүрэнгийн харц улам ширүүсэв. “Ахаа, сэтгэлийн хүчээр л давна шүү!” гэсэн түүний үг хамтрагчаа урамшуулж, туркууд бууж өгсөн мөчид Монголын баг ялалтаа баталгаажуулсан юм. Тэд 40 минут тэсэж, шинэ рекорд тогтоон, даалгаврын аваргаар тодорлоо.
А.Адъяасүрэн — Монголын хүч чадлын бэлгэ тэмдэг
Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн тэрээр “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин юм. 25 настай тэрбээр эмэгтэйчүүдийн +78 кг жинд барилддаг бөгөөд Монголын жүдо бөхийн ирээдүй гэж нэрлэгддэг.
Тэрбээр 2014 онд Спортын төв сургуулийн Г.Эрдэнэбатын удирдлага дор анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2019 оноос хойш Д.Цэрэнханд багшийн удирдлага дор үндэсний шигшээ багт бэлтгэл хийж байна.
Түүний томоохон амжилтууд:
- Азийн наадам – 2023 онд хоёр хүрэл медаль (ганцаарчилсан ба багийн төрөл)
- Азийн АШТ – 2024 онд мөнгө, 2025 онд хүрэл медаль
- IJF Их дуулга – 2021 онд Баку, 2022 онд Улаанбаатар (мөнгө)
- IJF Гран При – Алматы, Загреб, Душанбе (хүрэл медаль)
- Азийн залуучуудын АШТ – 2019 онд мөнгө
- Цэргийн ДАШТ – 2024 онд дэлхийн аварга
Хувийн зарчим, уриа үг
“Тамирчин хүн ялж, ялагдах үе олонтаа. Гол нь алдаанаасаа суралцаж, сэтгэлээ чангатгах нь амжилтад хүрэх цорын ганц зам.” — А.Адъяасүрэн
Түүний Instagram хаяг — @amarsaikhan_adiyasuren бөгөөд дагагчдын тоо өдрөөс өдөрт өссөөр байна.
