Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэднийг асарч буй хүмүүсийн тэтгэмж, дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага сүүлийн өдрүүдэд улам хүчтэй болсон байна. Биеийн байдал, эрүүл мэндийн шалтгаанаар олон нийтээр жагсаалд оролцох нь маш өндөр эрсдэлтэй тул тэд тэмцлийн шинэ хэлбэрийг сонгож, цахим орчинд дуу хоолойгоо хүргэх шийдвэр гаргажээ. Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо “Бидэнд жагсах нь амь насанд аюултай. Тиймээс хамтдаа цахимаар тэмцье” хэмээн мэдэгдэн, иргэдийг нэгдэхийг уриалсан байна.
Цахим хэлбэрийн энэ тэмцэлд нэрээ нууцалсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд олонтоо захидал илгээж, УИХ-ын гишүүдийн утас, цахим хуудсаар дамжуулан санал хүсэлтээ илэрхийлж эхэлжээ. Эдгээр захидал нь нийгмийн хамгааллын бодит нөхцөл байдлыг ил тод харуулахын зэрэгцээ, бодитой шийдэл шаардсан хүний дуу хоолойг улам тодруулж байна.
Доорх нь холбоонд ирсэн зарим захидлын агуулга юм.
Халамжийн тэтгэмж авдаг ХБИ-ийн захидал
“Сайн байна уу, би таны тойргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Сард авдаг 397,000 төгрөгийн тэтгэмжийг 6 хувь нэмэх санал бодит амьдралд нэг өдрийн хүнсний үнэтэй дүйцэж байна. Энэ бол нэмэгдэл бус, доромжлол мэт санагдаж байна. Тэтгэмжийг дор хаяж 24 хувь нэмэгдүүлэх саналыг дэмжин өгнө үү.”
Асран хамгаалагчийн хүсэлт
“Сайн байна уу, би танай тойргийн сонгогч, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асарч буй иргэн. Сард авдаг 302,000 төгрөгийн тэтгэмжээр амьдрах боломжгүй. Бүтэн цагийн асаргаа шаарддаг тул хөдөлмөр эрхлэх нөхцөл байхгүй. Асран хамгаалагчийн тэтгэмжийг бодит өртөгт нийцүүлэн нэмэгдүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Бид амьдралын чанар, хүний эрхээ хамгаалж амьдрахыг хүсэж байна.”
Нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг ХБИ-ийн байр суурь
“Сайн байна уу, би хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Сард авдаг 572,000 төгрөгийн тэтгэвэр нь хүнс, хувцас, эмчилгээний үндсэн хэрэгцээг хангаж чаддаггүй. ХБИ бол халамж хүртэгч бус, Монгол Улсын эрхтэй иргэн. Тэтгэвэр, тэтгэмжийн суурь хэмжээг бодит амьдралд нийцүүлэн яаралтай нэмэгдүүлэхийг хүсье.”
ХБХ-ний эрхийг дэмжигч иргэний захидал
“Сайн байна уу. Би танай тойргийн иргэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, нэр төрийг дэмждэг. 572,000 төгрөгийн тэтгэвэр нь тэдний зайлшгүй хэрэгцээг огт хангахгүй байна. ХБХ-ийн тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангаж чадсан нийгэм л бүх иргэнээ тэгш боломжтой орчинд амьдруулж чадна.”
