Цаг уурын огцом өөрчлөлттэй холбоотойгоор ЦУОШГ болон ОБЕГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Энэ сарын 6-ны оройноос эхлэн манай орны баруун өмнөд хязгаарт цаг агаар эрс муудаж, тогтворгүй нөхцөл байдал үүсэх шинж илэрсэн байна. Ийм байдал нь 7-8-ны өдрүүдэд улам даамжиж, говь болон төвийн бүсэд хүчтэй нөлөөлөхийг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Энэ сарын 7-8-нд Архангайн зүүн, Дундговийн ихэнх, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн олон сумдын нутагт 10-20 мм хүртэл нойтон цас болон цас тасралтгүй орж их хэмжээний хур тунадас үүсэх төлөвтэй байна. Ингэснээр тухайн бүс нутгуудад их цасны гамшигт үзэгдэл тохиох эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.
Мөн Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын хойд нутгаар 5-9 мм нойтон цас орох тул цас ихээр хуримтлагдах аюултай нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна Төв, Хэнтий, Дорнодын олон сумдад цасан шуурга шуурч, салхи ширүүсэхийг онцолжээ.
Хур тунадасны улмаас 15-20 см зузаантай цасан бүрхүүл тогтох бөгөөд гуу жалганы бүсэд үүнээс ч илүү зузаан цас тогтох магадлалтай байна. Ийм нөхцөл нь малын бэлчээр, ялангуяа бог малын идэш тэжээлд хүндрэл үүсгэхийн зэрэгцээ зам даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа нэмэгдэх, эрчим хүчний шугам болон замын байгууламжид мөстөлт үүсэх өндөр эрсдэлтэй байна.
Иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг цаг агаарын энэхүү аюултай үзэгдэлтэй холбогдуулан болзошгүй эрсдэлийг тооцон, анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэхийг ЦУОШГ болон ОБЕГ-аас уриаллаа.
