Бавуугийн Лхагвасүрэнгийн нэрэмжит сангийн санаачилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан уран бүтээлийн хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Улсын драмын эрдмийн театрын 95 дахь үзвэрийн жилийн нээлт тусгайлан энэ ойд зориулсан “Үгүйлэгдсэн хайр” жүжгээр эхэлнэ.
Тус жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатар шинэчилсэн найруулгаар найруулж, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Харин гол дүрд жүжигчин Т.Анхзул тоглох юм.
Улсын драмын эрдмийн театрын зүгээс энэхүү бүтээл нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин амилуулах онцгой уран сайхны үйл явдал болохыг онцолж байна.
