Францын аварга “Пари Сен-Жермен” (ПСЖ) баг Аваргуудын лигийн III тойргийн тоглолтод Германы “Байер” (Леверкузен) багийг талбайд нь 7:2 харьцаагаар бут цохилоо.
Тоглолт эхнээсээ л ПСЖ-ийн давамгайллаар өрнөсөн бөгөөд Уильям Пачо долоо дахь минутанд тооны харьцааг нээсэн юм. Үүний дараа Дезире Дуэ хоёр гоол (41, 45+3), Хвича Кварацхелия (44), Нуну Мендеш (50), Усман Дембеле (66), Витинья (90) нар нэмэлт гоолуудыг оруулжээ. Харин “Байер”-ын талд Алеш Гарсиа (38, 54) хоёр гоол хийсэн байна.
Тоглолтын 31 дэх минутанд Германы хамгаалагч Роберт Андрих улаан хуудас авсан бол ПСЖ-ийн Украины тоглогч Илья Забарный 37 дахь минутанд талбайгаас хөөгдсөн юм.
Өнгөрсөн улиралд ПСЖ анх удаа Аваргуудын лигийн аварга болж, финалд Италийн “Интер”-ийг 5:0-ээр бутниргэсэн билээ. Энэ улиралд тэд “Аталанта”-г 4:0-ээр, “Барселона”-г 2:1-ээр хожсоны дараа “Байер”-ыг ч сөхрүүлж, гурван тоглолт дараалан ялалт байгуулан 9 оноотойгоор хүснэгтийн оройд бичигдэж байна.
ПСЖ-ийн дараагийн тоглолт арваннэгдүгээр сарын 4-нд болно. Тэд өөрийн талбайдаа Германы хүчирхэг “Бавариа”-г хүлээн авах бөгөөд энэ тоглолт хүснэгтийн тэргүүлэгчийн байр суурийг тодорхойлох чухал тулаан байх юм.
Аваргуудын лигийн энэ улиралд нийт 36 баг өрсөлдөж байгаа бөгөөд баг бүр найман тоглолт хийнэ. Эхний найман байрны багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9–24 дүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолтоор плей-оффт өрсөлдөх эрх авна.
