Хөвсгөл аймагт 2 нас 5 сартай хүү есдүгээр сарын 17-нд сураггүй болсон бөгөөд найман өдрийн турш үргэлжилсэн эрлийн ажиллагааны дараа цогцсыг нь олсон хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна.
Хүүгийн ээжийн хэлснээр, тэр өдөр нөхөртөө ууланд хоол хүргэж өгөхөөр хоёр хүүхэдтэйгээ хамт явсан аж. Тухайн үед өдөр 15:00 цагийн орчим болж байсан бөгөөд хүүхдүүд унтаж байхад нь автомашинд үлдээж, өөрөө ойролцоогоор 20 минутын дараа буцаж ирэхэд хүү сураггүй болсон байжээ. “Хоолоо хүргээд буцаж ирэхдээ 20 орчим минутыг зарцуулсан, өмнө нь дүүгийнхээ дэргэд ганцаараа үлдээж байгаагүй” гэж хүүгийн ээж хэвлэлд мэдэгдсэн юм.
Хүүг эрэн хайх ажиллагаанд ойролцоох аймгуудын сайн дурынхан, Онцгой байдлын алба хаагчид, үнэрч нохой болон дулаан мэдрэгчтэй дрон зэрэг техник хэрэгслүүдийг ашиглан оролцжээ. Гэр бүлийнхэн нь тодорхой хугацааны дараа хайх ажиллагааг зогсоох хүсэлт гаргасан ч Онцгой байдлын байгууллагын зүгээс нэмэлт гурван өдөр хайха шийдвэр гаргасан байна.
Улмаар онцгой байдлын эмэгтэй алба хаагч, цагдаагийн ажилтан болон хоёр эрэлч нохойн хамт олсон ба хүүгийн цогцсыг модтой нягт хэсэг дотроос илрүүлсэн байна. Тэр үед хүүгийн хувцас, биеийн байдал бүрэн бүтэн байсан хэмээн мэдээлэгдсэн.
Одоогоор хүүгийн нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу гараагүй байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас “Хөвсгөл аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Задлан шинжилгээ орон нутагт хийгдэж байгаа бөгөөд хариу гарах хугацаа тодорхойгүй байна” гэж мэдээлэв.
Хэргийг шалгаж дуусмагц болон задлан шинжилгээний хариу гармагц албан ёсны мэдээллийг олон нийтэд дахин хүргэх ажээ.