Казахстанд үргэлжилж буй “Silk Way Star” олон улсын дуу хөгжмийн шоу уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй дуучин Ж.Мишээл үзүүлбэрийнхээ өндөр амжилтаар шилдэг дөрвөн оролцогчийн тоонд багтлаа.
Энэхүү шоу тэмцээнд нийт 12 орны шилдэг уран бүтээлчид өрсөлдөж байгаа бөгөөд финалын шат арваннэгдүгээр сарын 22-нд болох юм. Тэмцээний эхний шатанд оролцогчид өөр өөрийн улсын үндэсний дуугаар өрсөлдөх үеэр Ж.Мишээл “Бундан улаан” дууг дуулж, үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.
Харин аравдугаар сарын 5-нд болсон дараагийн шатанд тэрбээр Казахстаны алдартай дуучин Аяугийн “Сыбырлайн” хэмээх хит дууг үзүүлсэн бөгөөд энэхүү үзүүлбэр нь шүүгчдээс өндөр үнэлгээ авч, есдүгээр байраас дөрөвдүгээр байрт дэвшихэд хүргэсэн байна.
Олон улсын энэхүү уралдаанд Монголын уран бүтээлч Ж.Мишээл эх орныхоо нэрийг амжилттай өргөж, үзэгчдийн дэмжлэгийг улам бүр хүлээж байна.