Шинэ санаагаа технологийн шийдэл болгон хөгжүүлэх боломжийг олгож буй “Hackaton 2025 – Future of Digi Pay” тэмцээний бүртгэл удахгүй хаагдах гэж байна. Зөвхөн багийн хэлбэрээр оролцох энэхүү тэмцээнд залуу мэргэжилтэн, хөгжүүлэгчид, оюутан залуус болон шинэлэг санаа бүхий хүн бүрт нээлттэй юм.
Бүртгэлээ https://hackathon.khanbank.com сайтаар хийж, өмнө нь https://bit.ly/hack0924 линкээр орж зааварчилгаатай танилцах хэрэгтэй. Багийн бүртгэлийг зөвхөн нэг гишүүн нээж, бусад гишүүдийн мэдээллийг дараа нь бүртгүүлэх зарчмаар явагдана.
Тэмцээний сэдэвчилсэн чиглэлүүд
- Төлбөрийн хэрэглээнд нийцсэн зардлын ухаалаг зөвлөх
- Аппликэйшнд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем
- Хуримтлал, бичил хөрөнгө оруулалтын шинэ шийдэл
- Зорилтот хуримтлал үүсгэж бага дүнгээр хөрөнгө оруулах боломж
- Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн шийдэл
Эхний шатанд тэнцсэн багуудад 2025.10.01-нд и-мэйлээр мэдэгдэнэ. Дараа нь шилдэг 7 баг сонгогдон финалд уригдах бөгөөд 2025.10.08–10-нд ХААН Банкны Сөүл оффис дахь ХААН театрт 72 цагийн турш хөгжүүлэлт хийхээр өрсөлдөнө.
Шагналын сан
- I байр – 20 сая төгрөг
- II байр – 15 сая төгрөг
- III байр – 10 сая төгрөг
Энэхүү тэмцээнээр ХААН Банкны Digi Pay аппликэйшн онцлог болж байгаа бөгөөд хэрэглэгчид бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын төлбөр тооцоог хялбархан хийх боломжтой. 100 мянгаас доош гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин илүү дүнтэй тохиолдолд царай болон хурууны хээ таних биометрик хамгаалалт ашигладаг нь давуу тал юм.
Hackathon нь “hack” + “marathon” гэсэн үгсийн нийлбэр бөгөөд багаар ажиллан богино хугацаанд шинэлэг санаагаа хөгжүүлж, бусадтайгаа хуваалцах боломжийг олгодог. Тэмцээний талаарх нэмэлт мэдээллийг [email protected] хаягаар авах боломжтой.