Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр Монгол Улсад улаанбурхан өвчний нийт 13,487 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 13,467 нь эдгэрсэн бол долоон өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, дөрвөн өвчтөн гэрээр эмчилгээ хийлгэж байна. Мөн 11 хүн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна. Эмнэлэгт байгаа өвчтөнүүдийн зургаа нь дунд зэргийн хүнд, нэг нь хүнд хэлбэрийн оноштой байгаа аж.
Насны бүлгээр авч үзвэл:
- 10–14 насныхны дунд хамгийн олон буюу 5052 тохиолдол бүртгэгдсэн,
- 0–4 насныхны дунд 3098 тохиолдол,
- 5–9 насны хүүхдүүдийн дунд 1736 тохиолдол илэрсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас хичээлийн жил эхэлснээр өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцоолж байсан ч нөхөн дархлаажуулалтын ачаар тархалт буурч байгааг онцолж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд:
“Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт Монгол Улсын хэмжээнд өмнөх саруудтай харьцуулахад буурсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2–3 тохиолдол бүртгэгдэж байна. Сургууль, цэцэрлэг эхэлснээр дэгдэлт нэмэгдэх хандлагатай байсан ч нөхөн дархлаажуулалтад хамрагдсаны үр дүнд буурсан гэж харж байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын хамрагдалт 65 хувьтай байна” гэж мэдэгдэв.
Мэргэжлийн байгууллагуудын үзэж буйгаар дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүй болон өмнө нь улаанбурхан өвчин тусч байгаагүй хүүхдүүд хамгийн өндөр эрсдэлтэй хэвээр байна. Тиймээс албаныхан хоёр тунт вакциндаа хамрагдах нь өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга зам гэдгийг дахин сануулж байна.