Намар цаг агаар тогтворгүй болж, нарны гэрэл багасахын хэрээр бие махбодь халдвар, ханиад томуунд илүү өртөмтгий болдог. Энэ үед дархлаагаа зөв амин дэмүүдээр дэмжих нь маш чухал.
C амин дэм
Дархлааг идэвхжүүлж, ханиадны шинж тэмдгийг хөнгөрүүлж, халдвараас сэргийлэхэд тусалдаг. Мөн антиоксидант үйлчилгээтэй тул зүрх судас болон хавдрын эрсдэлийг бууруулдаг.
Цайр
Дархлааны эсүүдийг хамгаалж, вирус болон бактериас сэргийлнэ. Ханиадны эхний үед цайр хэрэглэх нь өвчний хугацааг багасгадаг.
D амин дэм
Нарны гэрэл багасдаг намар, өвөл дутагдалд орох нь элбэг. D амин дэмийн дутагдал нь амьсгалын замын өвчин, чихрийн шижин, үе мөчний үрэвсэл болон мэдрэлийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
A амин дэм
D амин дэмтэй хамтран ажиллаж, дархлааны хамгаалалтыг нэмэгдүүлдэг. Мөн эсийн өсөлт, хуваагдал, мутацаас сэргийлэхэд чухал үүрэгтэй.
B6 амин дэм
Дархлааны хариу урвалыг идэвхжүүлж, лимфоцитын боловсролтыг дэмждэг. Түүний дутагдал нь эсрэгбие болон дархлааны эсийн үйл ажиллагааг сулруулдаг.
B12 амин дэм
Эсийн өсөлт, хуваагдалд чухал бөгөөд дархлааны тогтолцоог тогтвортой байлгахад нөлөөлдөг.
Дархлаагаа хэрхэн өөр аргаар дэмжих вэ?
- Идэвхтэй хөдөлгөөн хий. Алхах, бүжиглэх эсвэл хөнгөн дасгал хийх нь халдвар авах эрсдэлийг бууруулдаг.
- Амралт, нойроо хангалттай ав. Хэт их ачаалал дархлааг сулруулдаг бол чанартай унтах нь стрессийг багасгана.
- Эрүүл хооллолт. Жимс, ногоо, навчит хүнсний ногоо, буурцагт ургамал, бүхэл үр идэх хэрэгтэй. Цай, кофе, хар шоколад, гурвалжин будаа зэрэг нь мөн флавоноидын эх үүсвэр болдог.