Сонсголонгийн гүүрний ойролцоо голд живсэн хүүхдийг эрэн хайх усны ослын эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.
Тодруулбал, Өчигдөр /2025.08.12/ Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт орших Туул голын хар цэг болох Сонголонгийн гүүрний орчимд хүүхэд голд урссан гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт ирсэн байна. Дуудлагын мэдээллээр очиход 9-12 насны 10 хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голд урссан мэдээлэлтэй байжээ.
Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж, 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газрыг самнасан ч илрүүлж чадаагүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Өнөөдөр /2025.08.13/-ны өглөө 07:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн. Эрлийн ажиллагаанд НОБГ, ҮАБ, Агаараас эрэн хайх 111-р ангиас 31, цагдаагийн байгууллагаас 4, ар гэрээс 6 иргэний бүрэлдэхүүнтэй Сонголонгийн гүүрнээс Биокомбинатын орчимд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймээс:
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
- Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.