Бямба, 7 сар 26, 2025
HomeУлс төрЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийг Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров албан ёсоор угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров албан ёсоор угтан авлаа

Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордонд албан ёсоор угтан авлаа.

Угтах ёслолын үеэр ордны урд талбайд хоёр улсын төрийн далбаа мандуулж, Төрийн хүндэт харуул жагсан, захирагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөв. Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэсэн байна.

Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Засгийн газар болон байгууллагууд хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.

“Ынтымак Ордо” төрийн ордон 2023 онд ашиглалтад орсон бөгөөд Киргизийн уламжлалт соёлын хэв маягийг орчин үеийн архитектуртай хослуулсан бүтээн байгуулалт юм. Энэ нь тус улсын соёл, дэвшлийг бэлгэдэх зорилготой.

Монгол Улс болон Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Киргиз Улс нь 7 сая гаруй хүн амтай, Ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Садыр Жапаров 2021 оны ээлжит бус сонгуулиар сонгогдон албан үүргээ гүйцэтгэж байна.

Киргизийн эдийн засагт хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, нэхмэлийн салбар зонхилдог. Гадаад худалдааны нийт эргэлт нь 16 тэрбум ам.долларт хүрдэг. Экспортод алт, хөдөө аж ахуйн түүхий эд, төмөр, шил, нүүрс, цемент давамгайлдаг бол импортоор суудлын автомашин, газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэдэг байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд