2025 оны 7 дугаар сарын 14-нд Монгол Улсад болж буй Олон улсын Тусгай Олимпын бүс нутгийн бага хуралд оролцохоор тус хөдөлгөөний Гүйцэтгэх захирал Мэри Дэвис болон бүс нутгийн захирлууд Улаанбаатарт ирлээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар тэднийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Занданшатар Тусгай Олимпын хөдөлгөөнийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд, боловсрол, спорт, нийгмийн хөгжил зэрэг бүх түвшинд үр дүнтэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэхэд Засгийн газар тууштай ажиллана гэдгээ бататгав.
Монголын Тусгай Олимпын Ерөнхийлөгч Санжаасүрэнгийн Оюун:
“Сургалтын онцлог хэрэгцээтэй хүүхдүүд спортын тэмцээнд оролцох боломж хомс байсаар ирсэн. Гэвч Тусгай Олимпын дэмжлэгийн ачаар эдгээр хүүхдүүд бие бялдар, нийгмийн хувьд хөгжиж, нийгэмд тэгш эрхтэй гишүүн болох боломж бүрдэж байна” гэж хэлээд, энэ бүхэн Монгол Улсын Засгийн газрын тууштай дэмжлэгтэй шууд холбоотой гэдгийг онцоллоо.
Хөдөлгөөний гүйцэтгэх захирал хатагтай Мэри Дэвис Ерөнхий сайдад талархал илэрхийлж, Тусгай Олимпын түүхийг танилцуулсан. Тус хөдөлгөөнийг 1968 онд АНУ-д байгуулсан бөгөөд өнөөдөр 175 орныг хамарч, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын чадвар, авьяасыг дэлхий дахинд таниулах зорилготой ажилладаг гэв.
Монгол Улс 2013 онд Тусгай Олимпын хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд өнөөдөр тус хөтөлбөрт 1000 гаруй тамирчин хамрагдаж байна. Хөдөлгөөний эрхэм зорилго бол жилийн турш олимпын төрлийн спортоор хүүхэд, насанд хүрэгчдийг бэлтгэж, биеийн хөгжил, урам зориг, найрамдал нөхөрлөлийг дэмжихэд оршино.