Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 7-р сарын 9-нд Хүннү хотын эхний ээлжийн цэвэрлэх байгууламжийн ажлыг ₮29 тэрбумын төсөвтэйгөөр гүйцэтгүүлэх тендер зарлалаа.
Тендерийн хүрээнд саналыг 2025 оны 8-р сарын 12-ныг хүртэл хүлээн авах бөгөөд уг хөрөнгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 2025 онд энэ ажлын ₮10 тэрбум нь санхүүжигдэх юм.
Хүннү хотыг “ухаалаг, байгальд ээлтэй, олон улсын төв” болгон төлөвлөж байна
Хүннү хот нь 2028 оноос оршин суугчдаа хүлээн авч эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд төслийн хүрээнд дараах гол чиглэлүүдийг хэрэгжүүлнэ:
- Төр, захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор байрлуулна.
- Олон улсын нисэх буудлыг түшиглэн дээд хэмжээний уулзалт, арга хэмжээ зохион байгуулах олон улсын цогцолбор байгуулагдана.
- Хотын үйлчилгээ, аюулгүй байдлын менежмент, дэд бүтэц нь дэлхийн жишигт нийцсэн байх юм.
- Шинэ Зуунмод хотыг “Хүннү хот” гэж нэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ нь “Xiongnu Empire” нэршлийн оронд “Hunnu Empire” гэсэн монгол дууны хэвшлийг олон улсад нэвтрүүлэх зорилготой.
Улаанбаатарын төвлөрлийг сааруулах шинэ шийдэл
Хүннү хот нь Улаанбаатар хотын дагуул хот болж, төвлөрлийг сааруулах, тэнцвэртэй суурьшлыг хангах, зам тээвэр, ложистикийн үйлчилгээг сайжруулах зорилгоор хөгжүүлэх төсөлд багтсан юм. Мөн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилт тавьжээ.