2025 оны 6-р сарын 28-ны хагас сайн өдөр K-pop-ийн алдарт дуучин Psy “SUMMERSWAG 2025” тоглолтоо Инчоны Asiad Main цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулж, 30,000 гаруй үзэгчийг байлдан дагууллаа.
Шоугаа тэрээр өөрийн алдарт “Champion” дуугаараа эхлүүлж, дараалан “It’s Art”, “Paradise” зэрэг хит бүтээлүүдээр уур амьсгалыг халуун байлгав. Psy энэ тоглолтод ойролцоогоор хоёр сарын хугацаанд бэлтгэсэн бөгөөд тайзан дээрээс: “Надад тодорхой хүлээлт байгаагүй ч үнэхээр гайхалтай байна. Би яг энэ мэдрэмжээрээ дуулна” гэж сэтгэл хөдлөлөө хуваалцсан байна.
Анхны зочин: BLACKPINK-ийн Rosé
Оройн гэнэтийн бэлэг бол BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé байлаа. Psy “Apartment” дууныхаа оршлыг дуулж байх үеэр тэр тайзнаа гарч ирсэн бөгөөд өөрийн “Toxic Till the End” хэмээх соло бүтээлээр үзэгчдийг шууд байлдан дагуулсан юм.
Rosé сэтгэл догдлон: “Би үргэлж мөрөөддөг байсан SUMMERSWAG-д уригдсандаа маш их баяртай байна, энэ бол нэр төрийн хэрэг. Гэхдээ ичээд ч байх шиг” хэмээн инээмсэглэж хэлжээ.
Тэрээр мөн өнгөрсөн 12-р сард гаргасан анхны соло цомгийн дараахан фэнүүддээ талархал илэрхийлэхийг хүсэж байснаа дурдсан байна.
Хоёр дахь зочин: G-Dragon
Шөнийн хамгийн олныг шуугиулсан зочин бол K-pop-ийн супер од G-Dragon байв. Тэр тайзан дээр “POWER” дуугаа дуулан гарч ирээд: “Сүүлийн үед намайг тайзан дээр дуудах хүн цөөн болсон. Гэхдээ суперын супер од PSY намайг урьсан тул би дуртайяа ирсэн.” хэмээн хошигножээ.
G-Dragon өмнө нь 12 жилийн өмнө нэг удаа SUMMERSWAG-д оролцож байсан бөгөөд: “Энэ тайзан дээр дахин гарна гэж бодоогүй. Гэхдээ өнөөдөр та нартай хамт энд байгаадаа баяртай байна” гэжээ.
Тэрээр “Crayon” болон “Crooked” дуунуудаа амьд хэлбэрээр дуулж, бороо шивэрч байсан ч үзэгчидтэй хамт дуулахаар зориглон, тоглолтын уур амьсгалыг оргил цэгт нь хүргэж чадсан юм.
Шоуны сэтгэл хөдөлгөм төгсгөл
Шоуны төгсгөлд Psy тайзнаас: “Намайг хамгийн их аз жаргалтай болгодог зүйл юу вэ? Хүссэн бүхнээ хийх. Инээх, уйлах, үсрэх, амрах, рэп хийх… Би та нарын төлөө дуулсаар байх болно” хэмээн фэнүүддээ хандан хэлсэн нь шөнөжин сэтгэл хөдөлгөм уур амьсгал бүрдүүлэв.