Даваа, 6 сар 30, 2025
HomeУлс төрЭрүүл мэндийн салбар 60 тэрбум төгрөгөө алдсан шалтгаанд экс сайдыг буруутгав

Эрүүл мэндийн салбар 60 тэрбум төгрөгөө алдсан шалтгаанд экс сайдыг буруутгав

2025 оны улсын төсөвт эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан ч зарим ажил цаг хугацаандаа амжиж хийгдээгүйгээс үүдэн Эрүүл мэндийн салбар 60 тэрбум төгрөгийг буцаан татуулаад байна. Энэ нөхцөл байдлын гол буруутнаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өөрийн багийн зарим гишүүдийг нэрлэжээ.

Тодруулбал, тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдан авах ажиллагааны газар болон Хөрөнгө оруулалтын газрын ажилтнуудыг үүргээ хангалттай гүйцэтгээгүй хэмээн буруутгаж, “Ашиг сонирхлын зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хариу тайлбар хийхдээ:
“Ашиг сонирхлын зөрчил үүсээгүй. Т.Мөнхсайхан сайдын зүгээс төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгаар санал авах, мөн тоног төхөөрөмжийн судалгаа авах ажлыг зохион байгуулсан нь хугацаа алдахад хүргэсэн. Харин хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах нь тухайн салбарын сайдын бүрэн эрхийн асуудал юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мөн энэ асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
“Энэ бол тухайн салбарын сайдын хариуцлагагүй байдал. Төсөвт нь мөнгө тавигдчихсан байхад яагаад он гармагц тендер зарлаж, гэрээгээ байгуулаагүй нь тодорхойгүй. Ажлыг хариуцаж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс л тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Засгийн газраас 2025 оны төсвийн тодотголыг өргөн барихаар зэхэж байгаа ч буцаан татагдсан 60 тэрбум төгрөг дахин төсөвт суух эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Иймд уг санхүүжилт 2026 оны төсөвт л багтах магадлал өндөр байна. Энэ хүртэл иргэд хүлээхээс өөр сонголтгүй болж байна.

Буцаан татагдсан 60 тэрбум төгрөгөөр дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байв:

  • Ховд, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт MRI аппарат суурилуулах
  • Амгалан амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд компьютер томографи суурилуулах
  • Хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах зорилгоор арван аймагт:
    • Хөхний зураг авах
    • Хавдар илрүүлэх аппарат
    • Хэвлийн хөндийн мэс заслын 10 тоног төхөөрөмж худалдан авах

Харамсалтай нь дээрх бүх төсөл санхүүжилтгүй болж, хойшлоход хүрээд байна.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Эмнэлгийн салбар хамгийн их мөнгө хэрэгтэй байхад ийм их алдагдал гарна гэж хэн ч төсөөлөхгүй байлаа

  2. Хариуцлага тооцох ёстой! Ард түмний мөнгийг ингэж үрж болохгүй ээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд