2025 оны 6-р сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдсөн осол гарлаа” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид газар дээр нь очиж шалгалт явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан 24 настай, эрэгтэй Э нь мотоцикльтой мөргөлдсөн болох нь тогтоогдсон байна. Уг мотоциклийг 19 настай, эмэгтэй, Ш жолоодож явсан бөгөөд мөргөлдөөний улмаас бэртэл авсан байна.
Шалгалтын явцад мотоциклийн жолооч Ш нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь илэрчээ. Уг хэрэгт холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Замын хөдөлгөөний оролцогчдод хандан хууль, дүрэм журмыг чанд мөрдөж, бусдад хүндэтгэлтэй хандаж, эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.