Чех улсын Усть-над-Лабем хотод уламжлал болгон зохиогддог боксын нэр хүндтэй тэмцээн — 55 дахь удаагийн Usti Nad Labem Challenge Grand Prix амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, нийт дөрвөн медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо эргэн ирлээ. Тэмцээний дүнг дараах байдлаар харуулж байна:
- Эрдэнэцогтын Бат-Өлзий — Эрэгтэйчүүдийн 65 кг-д алт
- Алдархишигийн Баттулга — Эрэгтэйчүүдийн 50 кг-д мөнгө
- Эрдэнэдалайгийн Мичидмаа — Эмэгтэйчүүдийн 57 кг-д мөнгө
- Хархүүгийн Билгүүнсайхан — Эрэгтэйчүүдийн 55 кг-д хүрэл
Монголын боксын үндэсний шигшээ баг энэ тэмцээний өмнө Европ тивд сар гаруй хугацаанд хамтарсан бэлтгэл хийж, цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Үүний үр дүнд нийтдээ 5 алт, 7 мөнгө, 4 хүрэл, нийт 16 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Шигшээ багийн дараагийн зорилго бол 2025 оны 6-р сарын 30-наас 7-р сарын 7-ны хооронд Казахстаны Астана хотод зохиогдох Дэлхийн цомын тэмцээн юм.
Монголын боксын тамирчдадаа ирэх тэмцээнүүдэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.