Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй өсч, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д хандах иргэдийн ачаалал нэмэгджээ. Өвчний халдварлалт өндөр бөгөөд голомтлон тархаж буй газруудад сургууль, цэцэрлэгүүд гол үүрэгтэй байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлж байна.
Өвчин тархаж байгаатай холбоотойгоор тус төвд шөнийн цагаар үзүүлэхээр ирсэн иргэд хүүхдээ дотогш оруулж, өөрсдөө төвийн гадна хүйтэнд дугаарлаж, тусламж хүлээн зогсож буй нь хэвийн үзэгдэл болжээ.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, улаанбурхан өвчний үед вакцин хийлгээгүй хүүхдүүд хүнд хэлбэрээр өвдөх эрсдэлтэй бөгөөд энэ нь богино хугацаанд амь насанд аюул учруулж болзошгүй. Тиймээс товлосон хугацаанд буюу 9 сартай болон хоёр настай үед нь хүүхдээ заавал дархлаажуулалтад хамруулах шаардлагатайг онцоллоо.
Улаанбурхан нь халдварт өвчний дотроос хамгийн хурдан тархдаг өвчнүүдийн нэг бөгөөд халдвар авсан тохиолдолд дотор халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин юм.
Хүүхдийн товлолт вакцинд хамрагдсан эсэхийг шалгахын тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ “Эхийн ягаан дэвтэр”-ийг харж, ямар нэг шалтгаанаар вакцинд хамрагдаагүй бол яаралтай сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан нөхөн дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй. Нэгэнт өвчтэй хүнтэй ойр байсан тохиолдолд 72 цагийн дотор вакцин хийлгэх нь хамгийн үр дүнтэй хамгаалалт болдог гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Эцэг эхчүүдийн хариуцлагатай хандлага, товлосон хугацаанд вакцинд хамруулах байдал нь зөвхөн өөрийн хүүхдийг төдийгүй бусдыг ч хамгаалах чухал алхам юм.
