Сүүлийн хоёрхон хоногт барилгын салбарт дөрвөн иргэн амиа алдаж, найман хүн хүнд гэмтэл авч, гурвынх нь биеийн байдал маш хүнд байгаа нь нийслэл хотод аюулгүй орчин бүрдсэн эсэхэд томоохон асуулт тавьж байна.
Барилгын осол дараалан гарлаа — хариуцлага хэнд оногдох вэ?
- Тавдугаар сарын 18-нд Сүхбаатар дүүрэгт туслах ажилтан 11 давхраас унаж амиа алджээ.
- Тавдугаар сарын 17-нд Ховд аймагт 11 ажилтан өргөгч төхөөрөмжтэйгөө унаж, 3 хүн нас барсан, бусад нь хүнд бэртсэн.
Эдгээр осол нь цаашид ч дахин давтагдах магадлалтай байгаа бөгөөд холбогдох байгууллагууд мөрдөн шалгалт эхлүүлсэн ч мэргэжлийн дүгнэлт хараахан гараагүй байна.
Үйлдвэрлэлийн осол — тоон дотор утга
- 2020–2024 оны хооронд барилгын салбарт 180 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ.
- 39.4% нь өндрөөс унасан, бүдэрсэн
- 16.6% нь хавчуулагдсан
- 16.1% нь унаж буй зүйлд цохиулсан
- Сүүлийн 6 жилд нийт 76 хүн амь насаа алдсан гэх албан бус тоо бий.
Харамсалтай нь ослын шалтгаануудын дийлэнх нь ХАБЭА-н дүрэм мөрдөгдөөгүйгээс болдог нь судалгаагаар нотлогдож байна.
Хууль бий — хэрэгжилт алга
Барилга барихын тулд хуульд зааснаар 13 шат дамжлагатай зөвшөөрөл авах ёстой. Гэвч Монголд газрын зөвшөөрөл л хангалттай гэж үзэн шууд барилгын ажлыг эхлүүлдэг нь нууц биш.
Ховд аймагт осол гарсан барилга эхлэх зөвшөөрөлгүй байсан гэх мэдээлэл ч байгаа. Энэ нь хууль номоор биш, “жишгээр” ажиллаж байгааг илтгэнэ.
Хотын удирдлагын үүрэг — хаана байна?
2024 онд томилогдсон Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Ч.Төгсдэлгэр бол анхны эмэгтэй бөгөөд Gen Z үеийн төлөөлөл гэдгээрээ олны анхааралд орж байсан. Тэрээр томоохон төсөл, форумуудад идэвхтэй оролцож, олон улсын жишээ татан “20 минутын хот” төлөвлөлтийн талаар ярьсаар ирсэн.
Гэвч сурталчилгаа биш, ажил хэрэг хэрэгтэй. Ерөнхий архитектор нь зөвхөн гоё сайхан төлөвлөгөө ярьдаг бус, хууль хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий чухал албан тушаалтан юм.
Ерөнхий архитекторын гол чиг үүргүүдээс сануулъя
- Хот төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хянах
- Барилгын зураг төсөл батлах, даалгавар боловсруулах
- Барилгын зөвшөөрөл олгох, хяналт тавих
- Хот байгуулалтын кадастр, мэдээллийн сан бүрдүүлэх
- Барилга нураах, дахин барих шийдвэр гаргах
- Нийслэл дэх бүх төлөвлөлтийн ажилд оролцох
Эдгээр нь амьдралын чанарт нөлөөлдөг, хүний амь нас хамаардаг үүргүүд бөгөөд Ерөнхий архитектор хуулиар шууд хариуцлага хүлээдэг.
Үг биш үр дүн хэрэгтэй
Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, байгальд ээлтэй, аюулгүй байх ёстой” гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр нийслэлд хийгдэж буй 2000 орчим барилгын төслөөс хэд нь хуулийн дагуу эхэлж, хэдэд нь хяналт тавьж байгаа вэ?
Gen Z үеийн төлөөлөл гэж томилогдсон хүн залуусын эрч хүч, шинэчлэл, хариуцлагыг авчирна гэсэн хүлээлт өндөр байв. Одоо тэр хүлээлтийг бодит ажил болгох цаг.
Хуулиа хэрэгжүүл, хүний амь аварна
Хэрэв хуулийн дагуу ажилласан бол 11 давхраас хүн унахгүй, өргөгчийн тросс тасрахгүй байлаа. Ерөнхий архитекторын газар нүдэн балай, чихэн дүлий байх эрхгүй. Энэ бол хүний амь насны тухай асуудал.
Нийслэл хотын удирдлага, хяналт хариуцсан албан тушаалтнууд үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж, “сошиал маркетинг”-оос илүүтэй хууль, дүрэм мөрдүүлэхэд анхааръя.
Шинэ залуу үе ирж байгаад баяртай байна. Одоо л өөрчлөлт хэрэгтэй шүү