Улаанбурханы халдварын нөхцөл байдал хурцдаж, эрүүл мэндийн байгууллагууд анхаарал хандуулж эхэллээ. ХӨСҮТ-өөс өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр уг халдварт өвчний тархалт нэмэгдэж байгааг онцолж, дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүд хамгийн их эрсдэлд өртөж буйг мэдэгдэв.
Өнөө өглөө улаанбурханы халдвар авсан 4 сартай нярай хүүхэд нас барсан тухай таагүй мэдээлэл олон нийтэд хүрсэн юм. Уг нярай дархлаажуулалтад хамрагдаагүй байсан бөгөөд өвчин нь хүндэрч, хэд хэдэн эмнэлэгт дамжин эмчлүүлсэн ч амь нас нь энджээ.
О.Дашпагма: Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хамгийн их эрсдэлтэй
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма улаанбурхан өвчнөөс сэргийлэх цорын ганц арга бол товлолын дагуу вакцинд хамруулах гэдгийг онцоллоо:
“Улаанбурхан өвчин халдварлалтын зэргээрээ халдварт өвчнүүдийн дотор өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу 9 сартайд, мөн хоёр настайд нь дархлаажуулалт хийдэг. Хүүхдүүд уг хоёр тунд бүрэн хамрагдах ёстой. Ингэснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.”
Тэрбээр мөн вакцинд хамрагдаж чадаагүй, эсвэл товлолын аль нэг тунг алгассан бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтойг тодруулсан юм. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг эх хүүхдийн ягаан дэвтрээс шалгаж, шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандахыг уриаллаа.
Э.Анхбаяр: Өвчлөл нэмэгдэхийн хэрээр эндэгдэл өснө
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр улаанбурханы халдварын нийт тохиолдол, нас баралтын шалтгаан, хүндрэлийн түвшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө:
“Хоёрдугаар сарын 18-наас хойш улаанбурханы 1756 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1199 тохиолдол эдгэрсэн байна. Нийт 11 аймагт улаанбурханы тохиолдол бүртгэгдсэн. 73 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. 10-14 насныхан 40 орчим хувийг эзэлж байна. Одоо ХӨСҮТ-д 264 хүүхэд эмчлэгдэж байна.
Улаанбурханы тохиолдол ихсэх тусам хүндрэлийн тоо нэмэгддэг. Өнөөдөр үүрээр 4 сартай дархлаажуулалтад хамрагдаагүй байсан нярай эндсэн. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Сар гаруй хатгалгаатай явсан. 2,3 эмнэлэг дамжсан. Хүнд байдалтай ирсэн. Дархлаажуулалтын нас нь болоогүй хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр байна. Мөн архаг хууч өвчтэй хүүхдүүд эндэх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс эцэг эхчүүд дархлаажуулалтдаа сайн хамрагдаарай гэж хэлмээр байна.”
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд улаанбурханы халдварын тархалтыг хязгаарлахын тулд дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг бүх иргэд, ялангуяа хүүхэдтэй эцэг эхчүүдэд онцгойлон уриалж байна.
Өнөөдөр өглөө 4 сартай хүүхэд улаанбурхан өвчнөөр нас барсныг эргэн сануулъя.