Энэтхэгийн үнэт эдлэлийн ур ухааныг харуулсан асар том хос алтан ээмэг дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Joyalukkas компани нийт 16.514 кг жинтэй хос ээмэг урлаж, Гиннесийн дэлхийн дээд амжилтын бүртгэлд албан ёсоор орсон байна.
Энэхүү бүтээлийг Энэтхэгийн уламжлалт “жүмки” загвараас санаа авч, хэмжээг нь хэд дахин томруулан хийжээ. Гиннесийн дэлхийн дээд амжилтын байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр уг бүтээлийн зорилго нь Энэтхэгийн үнэт эдлэл урлах олон жилийн уламжлал, дархчуудын нарийн ур чадварыг олон улсад харуулах явдал байв.
Уламжлалт “жүмки”-г аварга хэмжээгээр урлажээ
Жүмки нь Энэтхэгийн уламжлалт гоёлын хамгийн танигдсан ээмгийн загваруудын нэг бөгөөд Joyalukkas энэ хэлбэрийг үндсэн төрхөөр нь хадгалан, ер бусын том хэмжээтэй алтаар урласан байна.
Компанийн зүгээс бүтээлээ олон нийтэд танилцуулахдаа:
“Төсөөллийн хязгаараас давсан ер бусийн ур хийц”
хэмээн Instagram дахь албан ёсны хуудсандаа тодорхойлжээ.
Мөн сонирхсон хүмүүсийг “Jewel of Joy” дэлгүүрийн үзэсгэлэнгийн танхимд ирж, дээд амжилт тогтоосон алтан ээмгийг өөрийн нүдээр үзэхийг урьсан байна.
Гиннес нэг дээд амжилтыг албан ёсоор баталгаажуулав
Joyalukkas уг бүтээлээ дэлхийн хоёр дээд амжилт тогтоосон үнэт эдлэл хэмээн танилцуулсан байна.
Гэхдээ Гиннесийн дэлхийн дээд амжилтын албан ёсны бүртгэлд одоогоор “дэлхийн хамгийн хүнд хос алтан ээмэг” гэсэн амжилтыг баталгаажуулжээ. Харин компанийн дурдсан хоёр дахь дээд амжилт яг ямар ангилалд хамаарах талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
16.514 кг жинтэй энэхүү бүтээл нь өдөр тутам зүүх зориулалттай гоёл гэхээсээ илүү Энэтхэгийн үнэт эдлэлийн уламжлал, дархчуудын ур чадварыг харуулсан үзэсгэлэнгийн онцгой бүтээл болжээ.
