Монголын цахим спортын “The MongolZ” баг “1win Private Club Season 2” тэмцээний доод хүснэгтийн хагас шигшээд “Magic” багийг 2:0 харьцаатайгаар буулган авч, тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр боллоо. “Best of 3” (Bo3) форматаар явагдсан уг цувралд Монголын баг эхнээсээ тоглолтын санаачилгыг бүрэн гартаа авч, өрсөлдөгчөө тэмцээнээс хаслаа.
Зураглал бүр дэх илт давамгайлал
The MongolZ баг өөрсдийн сонгосон Inferno зураглал дээр довтолгоо, хамгаалалтын тэнцвэртэй тоглолтыг үзүүлж, өрсөлдөгчийнхөө эсэргүүцлийг даван 13:9 харьцаатайгаар эхний оноогоо авсан юм. Улмаар өрсөлдөгчийн сонголт болох Ancient дээр Magic багт тактикаа хэрэгжүүлэх боломж олголгүй, эдийн засгийн хувьд бүрэн шахан тоглолтыг итгэл төгс өндөрлүүлжээ.

Techno гайхалтай тоглолтоор багаа тэргүүлэв
Цувралын шилдэг тоглогчоор (MVP) The MongolZ-ийн 21 настай тамирчин Мөнхболдын «Techno» Содбаяр нэрлэгдлээ. Тэрбээр тоглолтыг дунджаар 1.76 үнэлгээ, 25-11 K/D үзүүлэлттэйгээр өндөрлүүлсэн бөгөөд ялангуяа Inferno зураглал дээр 17 удаа хасаж, дөрөвхөн удаа хасагдсанаар 2.69 гэсэн гоц амжилт үзүүлсэн байна. Багийн бүрэлдэхүүнээс Банзрагчийн Өсөхбаяр «910» 1.36, Ууганбаярын Анарбилэг «cobrazera» 1.29 үнэлгээтэйгээр жигд сайн тоглолтыг үзүүлжээ.
Өрсөлдөгч багийн байдал ба тэмцээний үр дүн
Magic багаас Андрий «AW» Анисимов (1.32), Украины тоглогч Виталий «sFade8» Марушка (1.24) нар эхний зураглалд хэд хэдэн клатч ялалт байгуулж өрсөлдөөн үзүүлэхийг хичээсэн ч бусад гишүүд болох MaSvAl, tenzy, lattykk нар 0.70-аас доош үнэлгээ авснаар ялагдал хүлээхэд хүрчээ. Ийнхүү ялалт байгуулсан The MongolZ тэмцээний доод хүснэгтэд замаа цааш үргэлжлүүлэн тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр үлдсэн бол Magic багийн хувьд тэмцээн өндөрлөлөө.
