НүүрУлс төрМонгол, Герман боловсрол, аюулгүй байдал, ногоон эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол, Герман боловсрол, аюулгүй байдал, ногоон эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зуржээ.

Тунхаглалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч нар гарын үсэг зурсан байна. Баримт бичгээр хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ.

Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Талууд “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцсон байна.

Мөн анх удаа зохион байгуулж буй “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зэрэг санаачилгад тулгуурлан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Мэргэжлийн боловсролын салбарт Германы туршлагыг нэвтрүүлж, Монгол Улсад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөн тохиролцсон байна.

Батлан хамгаалах, ногоон эдийн засгийн чиглэлээр хамтарна

Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулахаар тохирчээ.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөхөөр болсон байна.

Жолооны үнэмлэх, нийгмийн хамгааллын асуудлаар хэлэлцэнэ

Хоёр улс иргэдийнхээ жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх болон нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээ эхлүүлэхээр болжээ.

Мөн Франкфурт ам Майн хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг айлчлалын үеэр зарласан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд