Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар Берлин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл хийлээ. Талууд 2024 онд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан байна. Мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт болон иргэд хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх зорилгоор ХБНГУ-ын Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг албан ёсоор нээхээр шийдвэрлэжээ.
Эдийн засгийн түншлэл, банк санхүү ба логистик
Айлчлалын хүрээнд хоёр орны санхүү, бизнесийн харилцааг эрчимжүүлэх хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн байна. Тухайлбал, Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW) нь Монгол Улсын “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-тэй тогтвортой хөгжил, ашигт малтмал, аж үйлдвэр, дэд бүтэц болон хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар болсон бол Монголбанк, Германы Холбооны банк хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулав. Түүнчлэн Берлинд болсон “Монгол-Германы бизнес форум”-д хоёр талын 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.
Тээвэр, логистикийн тухайд Германаас Монгол руу орж ирж буй нийт барааны 40 гаруй хувийг авто замаар тээвэрлэж буй бөгөөд цаашид Улаанбаатар–Франкфурт чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх, Берлин хот руу нислэг үйлдэх болон зорчигч тээврийн татварыг хөнгөлөх чиглэлээр яриа хэлэлцээ өрнөж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.
Боловсролын 100 жилийн ой ба соёлын өв
Энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож байна. Анх 1926 онд их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй 30 гаруй монгол залуус эрдэм сурахаар Герман улсыг зорьж байсан түүхтэй. Эл ой болон их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Германы нэрт монгол судлаач Э.Хэниш болон Д.Нацагдорж нарын гавьяаг алдаршуулсан дурсгалын самбарыг Лайпциг хотод хүндэтгэн нээхээр болжээ.
Өдгөө 35 мянга орчим монгол иргэн герман хэл, соёлд суралцаж, Монгол Улсын хүн амын нэг хувь нь герман хэлээр ярьдаг болсон төдийгүй нэрт зохиолч Чинагийн Галсан уран бүтээлээ герман хэлээр туурвиж байна. Мөн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээсэн бөгөөд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт тус хотноо тоглогдлоо.
Нийтлэг үнэт зүйлс ба олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хэлсэн үгэндээ хоёр улс газар зүйн хувьд 6000 гаруй км алс боловч эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээрээ нэгдмэл байдгийг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтыг шийдвэрлэхэд манлайлж буйг сайшаасан юм.
Холбооны Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд монгол ардын “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэх зүйр үгийг эш татаж, харилцан итгэлцэлд суурилсан хоёр орны найдвартай түншлэл улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
