Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаарх мэдээллийн үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон авто замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа болон Улаанбаатар хотноо олон улсын КОП17 (COP17) хурал зохион байгуулагдахтай холбогдуулан ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ныг дуустал авто машиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах горимд шилжүүлэхээр болсон байна.
Өвөлжилтийн бэлтгэл болон дэд бүтцийн бүтээн байгуулалт
Хотын дарга нийслэлийн дэд бүтэц болон өвөлжилтийн дараах онцлох мэдээллүүдийг танилцууллаа:
- Өвөлжилтийн бэлтгэлийн явц: 2026–2027 оны өвөлжилтийн хүрээнд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэл 57 хувийн биелэлттэй байна.
- Дэд бүтцийн шинэчлэл: Нийслэлийн дэд бүтцийн 60 орчим хувийн насжилт өндөр байгаа тул халуун усыг үе шаттайгаар хязгаарлан, заавал засвар шинэчлэл хийх шаардлага үүсэж байна.
- Авто замын барилга, засвар: Энэ зуны улиралд багтаан 111 км шинэ зам тавьж байгаа бол 31 км замыг засаж, шинэчилж байна. Засварын ажлуудыг хичээлийн шинэ жилээс өмнө бүрэн дуусгана.
- Түлшний нөөц бэлтгэл: Агаарын охирдлыг бууруулах зорилгоор 280 мянган тонн хагас коксжсон түлш, 180 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэж байна.
- Цахилгаан хангамж: Цахилгааны хязгаарлалтаас бүрэн гарах хүрээнд ДЦС-5-ыг ирэх 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэлийн захиргаанаас замын ачааллыг бууруулах, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг саадгүй хангах үүднээс ийнхүү замын хөдөлгөөнд тусгай зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ.
