Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) домогт тоглогч Уилт Чемберлены АНУ-ын Портленд хотын “Goodwill” секонд-хэнд дэлгүүрээс ердөө 3 ам.доллароор олдсон винтаж бие халаалтын хүрмийг “Sotheby’s” дуудлага худалдаагаар 89,600 ам.доллароор худалдсан тухай ESPN мэдээллээ.
3.07 ам.долларын олдвор
2026 оны 1-р сард винтаж хувцас давхар борлуулагч 19 настай Куинн Браун Портленд дэх “Goodwill” дэлгүүрийн хямдарсан барааны савнаас “Лос-Анжелес Лейкерс” багийн өнгөтэй, ардаа “Chamberlain” гэсэн бичигтэй бие халаалтын хүрмийг олжээ.
Сүүлийн гурван жилийн турш интернэтээр хуучин хувцас борлуулж байгаа залуу уг хүрмийг ердөө 3.07 ам.доллароор худалдан авсан байна. Тэрээр гэртээ хариад цахимаас ижил төстэй бараа хайж үзсэн ч ховор байв. Браун хүрмийн зургийг нийгмийн сүлжээнд нийтэлсний дараа “Sotheby’s” дуудлага худалдааны газрын орчин үеийн цуглуулгын хэлтсийн дарга Брам Вахтер түүнтэй холбогдож, уг хүрмийг дуудлага худалдаанд оруулахыг ятгажээ.

Баталгаажуулалт ба түүхэн ач холбогдол
“Sotheby’s” уг хүрмийн эх хувь мөн эсэхийг шалгахын тулд “SIA Photo Match” компанийг оролцуулсан байна. Судалгаагаар уг хүрэм нь эх хувь бөгөөд 1971/72 оны улирлын турш Чемберлены өмссөн хүрэм болох нь батлагджээ. Мөн уг хүрмийг 1972 оны НБА-ын финалын тоглолттой зургаар тохируулан баталгаажуулсан бөгөөд тухайн үед Чемберлен хоёр дахь аварга цолоо хүртэж, “Лейкерс” баг Лос-Анжелес руу нүүснээсээ хойш анх удаагаа аварга болж байсан юм.
Уилт Чемберлен бол НБА-ын түүхэн дэх хамгийн агуу сагсан бөмбөгчдийн нэг, НБА-ын хоёр удаагийн аварга (1967, 1972), улирлын үнэ цэнэтэй тоглогч (MVP)-оор дөрвөн удаа (1960, 1966–1968) тодорч байсан ба нэг тоглолтод 100 оноо авсан НБА-ын рекордыг эзэмшигч билээ.
