Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ноос 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үндэсний эрэгтэй шигшээ багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа. Дэлхийн аваргын тэмцээний дараах уг жагсаалтыг Дэлхийн аварга Испани Улсын баг тэргүүлж, Аргентин удаалсан бол Норвеги чансаагаа 12 байраар ахиулж, Мексик шилдэг аравт нэрлэгдсэн байна.
Манай улсын хувьд олон улсын түвшинд үзүүлж буй чансааны үзүүлэлт доогуур байранд хэвээр байна. ФИФА-гаас гаргасан шинэчилсэн тоо баримтаас үзвэл Монгол Улсын шигшээ багууд дараах байрт жагсжээ:
- Эрэгтэй шигшээ баг: Дэлхийн 211 орноос 190 дүгээр байрт бичигдэв.
- Эмэгтэй шигшээ баг: Дэлхийн 204 орноос 146 дугаар байрт эрэмблэгджээ.
Уг үзүүлэлтийн талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин байр сууриа илэрхийлэхдээ манай эрэгтэй шигшээ баг 2002 онд 190-д жагсаж байсан бол 24 жилийн дараа буюу өнөөдөр ч мөн байрандаа байгааг хурцаар шүүмжиллээ. Тэрбээр ФИФА-ийн чансаа бол тухайн орны хөлбөмбөгийн холбооны ажлын бодит дүнг харуулдаг тул МХБХ чансаагаа ядаж дунд шатанд хүргэх бодит ажил хэрэгжүүлэх шаардлагатайг сануулсан байна.
