Монгол, Өмнөд Солонгос хоёр улсын найрамдалт харилцаа, соёлын солилцоог бэхжүүлэх хүрээнд нэгэн онцгой соёлын арга хэмжээ болох гэж байна. “Korea Street Hip Hop Association” байгууллагын санаачилгаар, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хоёр орны орчин үеийн болон ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулахаар товложээ. Уг тоглолт 2026 оны зургаадугаар сарын 19-ний баасан гарагийн 18:00 цагт Тусгаар тогтнолын талбайд үнэ төлбөргүй зохион байгуулагдах тул иргэд, жуулчид өргөнөөр үзэх боломжтой.
Тоглолтод оролцох хоёр улсын уран бүтээлчид
Энэхүү тоглолт нь хоёр орны соёл, урлагийн гайхамшгийг иргэд болон гадаадын аялагчдад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм. Үндэсний язгуур урлагаас эхлээд орчин үеийн К-поп, поп опера чиглэлийг багтаасан тус арга хэмжээнд дараах уран бүтээлчид өөрсдийн шилдэг үзүүлбэрээ толилуулна.
- Монгол Улсаас: Поп опера чиглэлээр уран бүтээл туурвидаг “Увертюра” хамтлаг, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Н.Ундрал, МУСТА Г.Батсүх, МУСТА Х.Эрдэнэцэцэг болон залуу дуучин Д.Сүхбаатар, Э.Энхзул, А.Долгорсүрэн нар оролцоно.
- БНСУ-аас: Монголчуудын сайн мэдэх алдартай дуучин “PSY”-ийн нэрэмжит уралдааны ялагч “ZSY”, чадварлаг бүжигчин “HIPGUK”, К-поп урлагийн шинэ үеийн охидын “LUMIEL” хамтлаг, солонгос үндэсний бөөгийн бүжигчин “BONGWHANG SEONNYEO” нар хүрэлцэн ирнэ.

Хоёр улсын соёл, урлагийн шилдэг уран бүтээлчдийн гайхамшигт дуу хуур, бүжиг наадмыг нэг дор мэдрэх энэхүү сонирхолтой тоглолтод нийслэлийн иргэд та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.
