Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон БНХАУ-ын Казахстан улсад хийсэн томилолтынхоо үр дүнг Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа. Энэхүү айлчлалын хамгийн гол “бай” нь шатахууны үнийн тогтвортой байдал болон нийлүүлэлтийн шинэ сувгийг нээх байсан бөгөөд үр дүн нь хэрэглэгчдийн халаасанд эерэгээр тусахаар байна.
ОХУ: Дотоодын зах зээлийн үнээр шатахуун нийлүүлнэ
Сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд болон “Роснефть”, “Газпромнефть” зэрэг томоохон компаниудын удирдлагуудтай хэлэлцээ хийсний үр дүнд зарчмын чухал тохиролцоонд хүрчээ.
- Үнийн тогтвортой байдал: ОХУ-ын тал Монгол Улсад түлшийг өөрийн дотоодын зах зээлийн үнээр нийлүүлэхээ илэрхийлсэн.
- Шийдвэр: Ингэснээр ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг салбарын сайд албан ёсоор мэдэгдлээ.
- Дипломат дэмжлэг: Энэхүү тохиролцоонд Ерөнхий сайд Н.Учралын илгээсэн албан захидал болон хоёр улсын Засгийн газар хоорондын нягт харилцаа чухал нөлөө үзүүлжээ.
Казахстан: Түүхий нефтийн шинэ эх үүсвэр
Зөвхөн ОХУ-аас хамааралтай байдлыг бууруулах, нийлүүлэлтийн олон тулгуурт бодлогын хүрээнд Казахстан улстай түүхэн хамтын ажиллагааг эхлүүллээ.
- Нийүүлэлтийн хэмжээ: Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн байгаагаа баталж, Санамж бичиг байгуулав.
- Стратегийн ач холбогдол: Энэ нь дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр найдвартай хангах, эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэхэд томоохон түлхэц болох юм.
Тавдугаар сард шатахуун түгээх станцын үнийн самбар руу “түгшүүртэй” харах шаардлагагүй болох нь. ОХУ-аас дотоодын үнээр нь авна гэдэг бол манайх шиг импортлогч орны хувьд маш том “ялалт” юм. Харин Казахстаны нэг сая тонн нефть бол алсдаа биднийг илүү “бие даасан” болоход туслах ногоон гэрэл гэж харж байна.
