Алдартай “Hipp” брэндийн хүүхдийн хоолноос хархны хор илэрсэн тухай “CBC News” агентлаг Австрийн цагдаагийн газрын мэдээллээс иш татан уламжиллаа.
Цагдаагийн газрын мэдээлснээр, Австрийн Бургенланд мужийн “Spar” сүлжээ дэлгүүрээс нэгэн үйлчлүүлэгч сэжиг бүхий ногооны нухаш худалдаж авчээ. Тэрхүү савны таг нь нээгдсэн шинжтэй байсан бөгөөд лабораторийн шинжилгээгээр доторх агууламжаас нь хархны хор илэрсэн байна.
Хортой нухашны савнуудын ёроолд улаан өнгийн дугуй наалт наасан байснаас гадна тагны хамгаалалтын битүүмжлэл нь гэмтсэн байсныг цагдаа нар анхааруулав.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Spar” сүлжээ дэлгүүрийн удирдлагууд Австри, Словени, Унгар, Хорват болон Итали улс дахь 1,500 супермаркетаасаа тус брэндийн бүтээгдэхүүнийг яаралтай татан авчээ.
“Hipp” компани ч хүүхдийн хоолноос хорт бодисын мөр илэрснийг баталж, уг нухашийг хүнсэнд хэрэглэхгүй байхыг уриаллаа. Үйлдвэрлэгчийн зүгээс энэхүү хэрэг явдлыг “гаднын гэмт хэргийн шинжтэй оролцоо” буюу Австри дахь “Spar”-ийн түгээлтийн сувагт халдсан үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
