Холливудын одуудын авсан хамгийн өндөр гонорар болон кино салбарын орлогын өөрчлөлтийг харуулсан шинэ чансааг Forbes сэтгүүл албан ёсоор танилцууллаа.
2025 онд томоохон нээлтүүдийн тоо цөөрсөн нь жүжигчдийн халаасанд шууд нөлөөлсөн байна. Хамгийн өндөр цалинтай 20 жүжигчний нийт орлого 590 сая ам.доллар болсон нь өмнөх оноос 20 хувиар буурсан үзүүлэлт болохыг тус хэвлэл онцолжээ.
Энэ жилийн жагсаалтыг Адам Сэндлер тэргүүлсэн бөгөөд тэрээр агент болон менежерийнхээ хувийг төлсний дараа 48 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна. Гэсэн хэдий ч энэ нь түүний өнгөрсөн жилийн орлого болох 88 сая ам.доллароос эрс багассан тоо юм. Харин Леонардо Ди Каприо сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн бага орлоготой жилтэйгээ нүүр тулж, байр суурь нь нэлээд хойшилжээ.
“Бид илүү ихийг нэхэж, тэд бага төлөхийг хичээж байна. Гэхдээ хэлэлцээрийн явцад би нэлээд өөдрөг байгаа” гэж Холливудын нэгэн тэргүүлэх агент өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлав.
Орлого ийнхүү ерөнхийдөө буурсан ч зарим одод томоохон студиудын төслөөс “бөөний” мөнгө авсаар байна. Тухайлбал, Скарлетт Йоханссон “Юрийн галавын ертөнц” (Jurassic World) цувралын шинэ ангиас 43 сая ам.доллар, Брэд Питт “F1” киноноос 41 сая ам.долларын гонорар авчээ.
Netflix болон Amazon зэрэг стриминг платформууд жүжигчдэд тогтвортой байдлыг санал болгож байна. Тэд одуудтай урт хугацааны гэрээ байгуулж, кино нь дэлгэцэнд гарахаас ч өмнө төлбөрийг нь бүрэн шилжүүлдэг аж. Адам Сэндлер, Кевин Харт болон Милли Бобби Браун нар киноны амжилтаас үл хамааран ийм баталгаат орлоготой байдаг.
Залуу авьяастнууд ч зах зээлд өөрийн байр сууриа бататгасаар байна. Сидни Суини 7 сая, Глен Пауэлл 10 сая ам.доллар олсон бол Тимоте Шаламе, Майкл Б. Жордан нар дараагийн төслүүдээсээ тус бүр 20 сая ам.доллар авахаар хүлээгдэж байна. Ирэх 2026 онд дөрвөн ч кино болон “Euphoria” цувралын үргэлжлэлд тоглож буй Зендея хамгийн өндөр орлоготой одуудын элит эгнээнд багтах магадлал хамгийн өндөр байгаа юм.
