Улаанбаатар хотын оршин суугчдад зориулсан нөөцийн махны жижиглэнгийн борлуулалт нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 385 цэгээр хэвийн явагдаж байна. Одоогоор зах зээлд үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус үнэлэн борлуулж байгаа юм.
Иргэдийн эрэлт их байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд тусгайлан зассан есөн байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний үеэр хонины махыг гулуузаар нь, килограмм бүрийг нь 13,000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаа гарах байршлуудыг дурдвал:
- Жуковын нэрэмжит талбай
- Жанжингийн гэрийн буйр
- Баянгол дүүргийн 6-р хорооны байрны гадна талбай
- Хос өргөө хотхоны 21-р байрны урд талбай
- Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
- Орбитын тойрог
- Сүхбаатар дүүргийн 15-р хорооны байрны гадна талбай
- Титан центрийн авто зогсоол
- Тусгаар тогтнолын талбай
Энэ онд нийт есөн аж ахуйн нэгж хамтран 5016 тонн мах нөөцөлсөн бөгөөд эдгээр нь бүгд чанар, эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан болно. Иргэд та бүхэн дээрх байршлуудаас өөрт ойр цэгийг сонгон, хаврын хэрэгцээний махаа бэлтгэх боломжтой юм.
