Холливудын алдарт жүжигчин Жим Керри өөрийн зүрх сэтгэл эзэнтэй болсныг албан ёсоор баталлаа.
Энэхүү үйл явдал Францын кино урлагийн дээд шагнал гардуулах “Сезар” ёслолын үеэр болсныг Variety сэтгүүл уламжлав. Алдарт жүжигчин тус арга хэмжээний “улаан хивсний ёслол”-д ганцаараа ирсэнгүй. Түүнийг охин Жэйн, зээ хүү Жэксон болон анх удаа олны өмнө албан ёсоор дагуулж ирсэн дурлалт бүсгүй нь хамт байлаа.
Өдгөө 64 настай Жим Керригийн сонголт бол Лос-Анжелес хотын жүжигчин, зураач Минзи (Minzi) хэмээх бүсгүй аж. Жүжигчин ёслолын үеэр хайртай бүсгүйдээ хандах сэтгэлээ нуулгүй, гараас нь хөтөлж, тэвэрч байв. Тэр байтугай тайзнаа шагналаа гардан авахдаа хэлсэн үгэндээ түүнд хайртайгаа илчилсэн юм.
“Миний гайхалтай гэр бүл, охин Жэйн, зээ хүү Жэксон нартаа баярлалаа. Би та нарт одоо болон үүрд хайртай. Миний гайхалтай хамтрагч Мина, чамдаа баярлалаа. Би чамд хайртай, Мина. Эцэст нь, миний мэддэг хамгийн хөгжилтэй хүн болох аав Перси Жозеф Керридээ баярлалаа. Тэр надад хайр, өгөөмөр сэтгэл, инээд хөөрийг үнэлж сургасан юм” гэж жүжигчин сэтгэгдлээ хуваалцжээ.

Ташрамд дурдахад, Жим Керри болон Минзи нар хэдий хугацаанд үерхэж байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ тэд анх 2025 оны хоёрдугаар сард Лос-Анжелес хотод үдшээр зугаалж явахдаа папарацци нарын дуранд өртөж байсан билээ.
