Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүдийн нэг болох “Ташкент-2026” их дуулга өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-нд Узбекистан улсын нийслэлд албан ёсоор эхэлж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн 39 орны 370 гаруй шилдэг жүдочид хуран цуглаж, жин тус бүртээ аваргуудын төлөө өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Тэмцээний урьдчилсан барилдаанууд Улаанбаатарын цагаар 13:30-д эхлэх бөгөөд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд оройн 20:00 цагаас “C1” телевизээр үзэгчдийн хүртээл болно. Сонирхолтой нь, энэ удаагийн их дуулгад Монгол Улсын баг тамирчид оролцохгүй өнжиж байгаа бөгөөд Ташкентийн тэмцээн нь 2021 оноос хойш “Grand Slam” ангиллаар зохион байгуулагдаж байгаа билээ.
Гадаадын нэр дээр барилдах Монгол жүдочид:
- Бишрэлтийн Хорлоодой (52 кг): АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Азийн аварга тэрбээр “В” хэсгийг тэргүүлж байгаа юм. Эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн шатанд Тажикстаны бөхтэй хүч үзэхээр оноолт таарчээ.
- Эрдэнэцогтын Билэгт (66 кг): АНУ-ын багийн бүрэлдэхүүнд багтаж буй тэрбээр “С” хэсэгт Италийн тамирчин Валерио Аккоглитой эхний барилдаанаа хийнэ.
Тэмцээний ерөнхий дүр зургийг харвал эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 37 жүдочин бүртгүүлсэн нь өрсөлдөөн туйлын ширүүн болохыг илтгэж байна. Харин эмэгтэйчүүдийн жингүүдээс 63 болон 70 кг-ын жинд тус бүр 26 тамирчин барилдахаар болжээ. Хэдийгээр Монголын үндэсний шигшээ баг оролцоогүй ч хилийн чанадад амьдарч, өөр улсын нэр дээр зодоглож буй Монгол тамирчдын маань тулаан олны анхаарлыг татаж байна.

Монголын тамирчид амжилт гаргаасай гэж хүсэж байна
Олон улсын тэмцээнүүд улам өргөжиж байгаад баяртай байна