Монголын CS2-ын шилдэг тоглогчдын нэг Senzu буюу М.Азбаяр Украины “Passion UA” багт зээлээр нэгдсэн гэх мэдээлэл батлагдлаа. Тэрээр одоогоор Германы Штутгарт хот дахь багийнхаа бэлтгэлийн байранд (Bootcamp) очсон бөгөөд шинэ нөхөдтэйгөө тактик, бэлтгэлээ базааж эхлээд байна.
Тоглолт болон чансааны онцлох мэдээлэл:
Ирэх тэмцээн: “Passion UA” баг долоо хоногийн дараа эхлэх өндөр зэрэглэлийн “ESL Pro League S23” тэмцээнд оролцоно. Senzu энэ тэмцээнд шинэ багийнхаа өмнөөс дебютээ хийх магадлал өндөр байна.
Хуучин багийнхаа эсрэг: Сугалаа болон тэмцээний явцаас хамааран Senzu хуучин баг болох “The MongolZ”-той таарч тоглох боломжтой юм. Өмнө нь буюу гурван сарын өмнө “BLAST Rivals Hong Kong” тэмцээнд “Passion UA” тэднийг 2-1 харьцаагаар буулган авч байсан түүхтэй.
Багийн чансаа: Украин багийн хувьд одоогоор HLTV дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдэж байгаа бол VALVE-ийн чансаагаар дэлхийд 30-д, Европ тивдээ 7-д бичигдэж буй хүчирхэг бүрэлдэхүүн юм.
Алдарт хөлбөмбөгчин Александр Зинченкогийн үүсгэн байгуулсан энэхүү багт Senzu нэгдсэн нь түүний карьерт шинэ шат болоод зогсохгүй, Европт тоглох Монгол тоглогчдын замыг улам тод болгож байна. Монгол тоглогч маань дэлхийн шилдэг багуудын эсрэг хэрхэн тоглохыг харах л үлдлээ.
