Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадам амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Улсын арслан Э.Батмагнайгаар найм давж Гарди цол хүртсэн Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын Гарди М.Лхагвагэрэлийг нутгийн зөвлөлөөс нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Түүний харьяалагддаг “Завхан Даян” бөхийн дэвжээнээс энэ жилийн баяр наадамд онцгой амжилт гаргаж, шинээр улсын цолд хүрсэн бөхчүүдээ ийнхүү шагнаж урамшуулжээ. Завхан нутгийн зөвлөлөөс шинэхэн цолтнуудынхаа гаргасан амжилтыг мялааж, дараах томоохон шагналуудыг гардуулсан байна:
- Монгол Улсын Гарди М.Лхагвагэрэлд “Lexus LX600” автомашин болон гурван өрөө байр,
- Монгол Улсын заан цол хүртсэн Б.Сундуйжавд “Lexus LX300” автомашин,
- Монгол Улсын начин цол хүртсэн А.Нармандахад “Lexus LX300” автомашин.
Тус дэвжээний зүгээс бөхчүүдийнхээ улсын цолыг хүндэтгэн ийнхүү хүлэг морь, орон сууц бэлэглэсэн нь энэ юм. Энэхүү түүхэн амжилт нь нийт тамирчдад урам зориг өгөхөөс гадна Завхан нутгийн бөх сонирхогчдын хувьд баяртай үйл явдал боллоо.


